Барилгын ажил хийж байсан кран унаж нэг хүн бэртжээ

Барилгын ажил хийж байсан кран унаж нэг хүн бэртжээ

Наймдугаар сарын 31-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд баригдаж буй барилгын цамхагт краны оройн хэсэг цөмөрч, нэг хүн гэмтсэн осол гарчээ. Тодруулбал, тус дүүрэгт баригдаж буй “Гарден сити-2” хотхоны блокийн барилгын ажилд ашиглахаар угсарсан цамхагт краны угсралтын цилиндрийн бэхэлгээний боолтууд тасарч, оройн хэсэг цөмөрч хүн дээр унасны улмаас ажилтан Э бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.

Ослын шалтгааныг шалгахад Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна. Уг ослын учир шалтгааныг тодруулахаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.