Б.Лхагвасүрэн: Монголбанкны шинэ байрыг барих компаниар “Хурд” группийг сонгохдоо хууль зөрчөөгүй

Б.Лхагвасүрэн: Монголбанкны шинэ байрыг барих компаниар “Хурд” группийг сонгохдоо хууль зөрчөөгүй

Өнөөдөр Монголбанкны удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Үндэсний цахим гүйлгээний төвийн барилгын ажлын талаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.

Тодруулбал, 16 давхар барилгыг Санхүүгийн зохицуулах хорооны ард, зэрэгцүүлэн барьж байна. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг барилгын компани ажиллаж байгаа юм. Ингэхдээ нээлттэй дуудлага худалдаа зарлаагүй гэх дуулиан дэгдээд байгаа юм.

Энэ талаар Монголбанкны удирдлагууд хэлэхдээ, “Тусгай зориулалтын барилга барьсан туршлагатай 13 компанид хандахад 6 нь үнийн саналаа ирүүлсэн. Тэд 20-70 тэрбум төгрөгийн өртгөөр үндэсний цахим гүйлгээний төв барих санал ирүүлсэн. Монголбанкны дэргэд байгуулагдсан Үнэлгээний хороо саналыг судлаад үүнээс гадна ямар хугацаанд барих, өмнө нь тусгай зориулалтын барилгууд барьсан зэргийг харгалзан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Хурд” группийг сонгон шалгаруулсан. Тус компани Хаан, ХХБ-ны төв байрыг барьсан туршлагатай” гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.

Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг: "Зөвшөөрлийг авч компанийг сонгон шалгаруулсан. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа болон ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тухайн заалтаас нь хамаараад бид бүхэн шууд гэрээ байгуулах эрхтэйгээр зөвшөөрөл авсан" гэв.

Монголбанк АХБ-ны 25 сая ам.долларын санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийг шинээр барих шаардлага үүсжээ. Одоо Монголбанканд 400 орчим ажилтан ажилладаг. Байр хангалтгүй. Мөн цахим гүйлгээг аюулгүй орчинд, хурдан шуурхай гүйцэтгэхийн тулд зориулалтын байранд үйл ажиллагаа явуулах шаардлага үүссэн байна. Үндэсний цахим гүйлгээний төвийг орчин үеийн дата төвийн барилгын жишигт нийцүүлэн бариулж байгаа тул тусгай зориулалтын барилгад тооцогдоно гэсэн юм.




Улаанбаатарт 14 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө