"Иргэдийг торгож 83 тэрбум төгрөг олох" Нийслэлийн 2022 оны төсвийг Д.Сумъяабазар өргөн барьжээ

"Иргэдийг торгож 83 тэрбум төгрөг олох" Нийслэлийн 2022 оны төсвийг Д.Сумъяабазар өргөн барьжээ

Хотын дарга Д.Сумъяабазарын өргөн барьсан “Нийслэлийн 2022 оны төсөв”-ийг НИТХ-аар өнгөрөгч Баасан гараг /2021.11.26/-т хэлэлцжээ.

-ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 19,6 ТЭРБУМ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ-

Гэтэл, хотын дарга Д.Сумъяабазар 2022 онд хүү торгуулиар иргэдээс 83 тэрбум гаруй төгрөг олно гэж төсөвлөжээ. Энэ нь 2021 онтой харьцуулбал “хүү торгууль”-ийн аргаар олох Нийслэлийн орлого хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл

Үүнээс нийслэлийн харьяа газар, агентлагууд болох “ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн алба 19,6 тэрбум, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар 6 тэрбум, Замын хөдөлгөөний удирдлагын төв 7 тэрбум, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 3 тэрбум төгрөг олж Нийслэлийн “төсөвт төвлөрүүлэх орлого” гэж хэмээжээ. Товчхондоо, энэ бүхэн бол иргэдийг торгож нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого юм.

Эх сурвалж: Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл

Тодруулбал, Нийслэлийн авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтаар зорчих захирамжийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гаргасан байдаг. Иймд тус захирамжийг зөрчсөн жолоочийг “Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу торгох болсон. Гэтэл цар тахлын энэ үед Д.Сумъяабазарын дээрх захирамж Үндсэн хуулийн 16.1-д заасан иргэдийн амьд явах эрх, мөн хуулийн 16.3-г  зөрчиж байна гэх шүүмжлэл гарах болсон.

-Д.СУМЪЯАБАЗАРЫН УЛС ТӨРИЙН ТОЙРОГ БОЛОХ СХД НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ХАМГИЙН БАГА БУЮУ 9 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ-

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг бол хотын дарга Д.Сумъяабазарын улс төрийн тойрог гэдэг. Гэтэл Нийслэлийн 2022 оны төсвийн төсөлд Сонгинохайрхан дүүрэг нь Нийслэлийн төсөвт хамгийн бага буюу 9  тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэжээ. Харин Сүхбаатар дүүрэг хамгийн их буюу 244 тэрбум, Баянгол дүүрэг 121 тэрбум, Хан-Уул дүүрэг 156 тэрбум, Чингэлтэй дүүрэг 101 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлнэ гэж тусгажээ.

Эх сурвалж: Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл