Санал өгөхдөө “Зүрх” хэлбэртэй дугуйлсан гэж марган, Завханы засаг Д.Түвшинжаргалыг огцруулалгүй авч үлджээ

Санал өгөхдөө “Зүрх” хэлбэртэй дугуйлсан гэж марган, Завханы засаг Д.Түвшинжаргалыг огцруулалгүй авч үлджээ

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудал хөндөгдөж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах саналыг ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд гаргасан байдаг. Улмаар энэхүү процесс үргэлжилж, засаг даргыг огцруулах асуудлыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 02 /2021.12.02/-ны өдөр хэлэлцжээ.

-ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГЭЭС ГАРГАЖЭЭ-

Тус хурал нь маргаан, мэтгэлцээн дунд хоёр цаг орчим үргэлжилсний эцэст санал хураасан бөгөөд энэ үеэр “хошин шог” шиг үйл явдал болжээ. Тодруулбал, Завхан аймгийн ИТХ-д МАН-аас 21, АН-аас 19, бие даагч нэг нийт 41 төлөөлөгч ажилладаг байна.

Ингээд тус 41 төлөөлөгчийн 21 гишүүн нь засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулахыг "Дэмжсэн" бол 20 нь "Дэмжээгүй" гэх дүн гарсан. Харин тус саналын дүнг н.Пүрэвдорж, н.Отгонням, н.Дашдондов гэх гишүүд нэгтгэж МАН, АН-ын бүлгийн дарга нар нь хянажээ. Гэтэл МАН-ын бүлгийн дарга саналын дүнг “будилуулж”, нэлээн асуудал тарьсан байгаа юм. Тухайлбал, тэрбээр “Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулахыг дэмжсэн 21 төлөөлөгчийн нэг нь “дэмжсэн” гэх бичгийн өмнөх тоог дугуйлахдаа эргэлзээтэй зурсан байна.

Бөөрөнхийлж тэмдэглэлгүй "зүрх" шиг хэлбэрээр зурсан учир эргэлзээ үүслээ. Тиймээс дахин санал хураах шаардлагатай” хэмээн бужигнуулжээ.

Бөөрөнхий биш "зүрх" шиг зурсан гэх саналын хуудас

Харин бусад төлөөлөгчид нь, “Юу яриад байна вэ. Дэмжсэн гэх бичгийг л тэмдэглэсэн байна шүү дээ. Бөөрөнхий, дөрвөлжин аль нь ч байсан тодорхой зурсан байна” гэж маргажээ. Гэтэл тооллогын МАН-ын бүлгийн дарга “Дугуйлаагүй. Зүрх зурсан байна” гэж зөрсөөр сүүлдээ маргаан нэлээн идэвхжиж инээх, уурлахын завсар дахин санал хураахаар тохирсон байна. Тэр даруй дахин санал хураахад АН-ын бүлгийн хоёр гишүүн өмнөх саналаасаа урваж "Огцруулахыг дэмжихгүй" гэж санал өгснөөр Засаг дарга Д.Түвшинжаргал албан тушаалдаа торгоогдож үлджээ.

Ичмээр ч ийм үйл явдал болсон нь маргаангүй үнэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах процесс цаашид ч үргэлжлэх бөгөөд тун удахгүй энэ асуудал дахин сөхөгдөж ИТХ-аар хэлэлцэгдэх аж.

Д.Түвшинжаргалын хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн улс төрийн багийн хамтрагч гэх бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн дэмжлэгээр Завхан аймгийн засаг даргаар 2020 оны арванхоёрдугаар сард томилогдсон. Түүнийг огцруулах асуудлыг хөндөж буй нь МАН-ын бодлого орон нутагт унаж буйг гишүүд нь хагарч эхэлснийг илтгэж байна хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна. Сүүлийн үед Завхан аймгийн төв талбайд зассан сүлд модоос эхлээд Засаг дарга нь хүртэл "шүүжлэл"-д орох болжээ. 

ХУРЛЫН ВИДЕО: 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө