Ч.Болортуяа: Б.Болор-Эрдэнэ нарыг шинэ яамны ТНБД-аар түр томилсон

Ч.Болортуяа: Б.Болор-Эрдэнэ нарыг шинэ яамны ТНБД-аар түр томилсон

Засгийн газар өчигдөр /2022.01.06/ ээлжит бусаар хуралдаж Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон. 

Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болсон бол хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг түр томилсон юм.

Харин иргэд, олон нийтийн зүгээс Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар хоёр жил хүрэхгүй хугацаанд төрд ажилласан атал яамны ТНБД гэх өндөр албан тушаалд төрийн албаны тухай хууль зөрчин томилж байна хэмээн эсэргүүцэж буй. 

Тэгвэл энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хаягтаа "Засгийн газрын 2022.01.06-ны ээлжит бус хуралдаанаар хоёр шинэ яамны бүтэц, орон тоог баталсан. Мөн ҮХГ, ХХМТГ-ын бүтцийг шинэ хоёр яамд нэгтгэхээр тусгасан. Энэ хүрээнд Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг хоёр шинэ яамны ТНБД-р түр томилсон бөгөөд энэ нь шилжилтийн үеийн түр арга хэмжээ юм" хэмээн мэдэгджээ.