С.Баржав: Америкт байхдаа Улаанбаатарт утаагүй болсон гэх мэдээлэл авч байлаа. Гэтэл утаа арилаагүй, өмнөхөөсөө ч аймшигтай болж

С.Баржав: Америкт байхдаа Улаанбаатарт утаагүй болсон гэх мэдээлэл авч байлаа. Гэтэл утаа арилаагүй, өмнөхөөсөө ч аймшигтай болж

Сүрэнхорлоогийн Баржав гэр бүл судлаач мэргэжилтэй. Тэрбээр АНУ-д амьдарч байгаад шинэ оны өмнөхөн эх орондоо гэр бүлээрээ иржээ. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд буусан даруйдаа л багширсан их утааг хараад гайхаж, бухимдсан гэнэ. Ой зургаан сартай хүү нь агаар дутлаас болж тархины даралттай болж, цэвэр агаар амьсгалахын тулд заавал хотоос гарах шаардлагатай болсон нь түүнийг тэмцэхэд хүргэжээ. 

Ажлынхаа заваар тэрбээр “Угаартаж үхлээ” гэсэн лоозон бариад УИД-ын өмнө гурав хоног зогссон байна. Гэтэл өчигдөр /2022.01.13/ цагдаагийн байгууллагаас түүнийг дуудаж, мэдүүлэг аваад зөвшөөрөл авах ёстой хэмээн тайлбарлажээ.

-Дөрвөн жилийн өмнө монголоос явахад тань байсан утаа тэр хэвээрээ, бүр ч аймшигтай хэмжээнд хүрчихээд байна. Та анх ямар сэтгэгдэлтэй эх орондоо ирсэн бэ?

-Америкт байхад Улаанбаатар утаагүй болсон тухай л мэдээлэл хүлээж авч, тэгж ойлгож байлаа. Гэтэл онгоцноос буугаад л бухимдал төрсөн. Утаа арилаагүй, бүр өмнөхөөсөө ч аймшигтай байхад иргэд тэмцэхгүй, энэ ажлыг хариуцаж шийдвэрлэх ёстой хүмүүс сайн ажиллахгүй хэрнээ иргэдийг буруутгасан хариу өгч байгаа нь бүр ч дургүй хүрмээр байсан. Тэгэхээр нь эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийнхээ төлөө тэмцсэн гэрийнхээ ойролцоо буюу УИД-ийн өмнө постер бэлдээд гарч зогссон.

-БАРЬЖ ЗОГСОЖ БАЙСАН САМБАРУУДАА ХУРААЛГАСАН-

-Өчигдөр гэтэл цагдаад байцаагдсан байна. Яагаад шалгах болсон юм бол?

-Өчигдөр надруу нэг залуу утсаар ярьж намайг дэмжмээр байна гээд ирсэн. Надаас нэг постер аваад зайтай зогссон ч удсангүй цагдаа ирээд жагсаал цуглаан зөвшөөрөлгүй зохион байгуулсан гээд хэлтэс рүүгээ авч явсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр аваачиж гэрчийн мэдүүлэг аваад “Хоёр ба түүнээс дээш хүн харъяа дүүрэгтээ мэдэгдэж байж эсэргүүцэл илэрхийлдэг” гэж тайлбарласан. Өнөөдөр манай найз зөвшөөрөл хүссэн байгаа. Барьж зогсож байсан самбараа хураалгасан. Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаад зөрчлийн шинжтэй зүйл байвал 500 нэгжээр торгох эсвэл 7-10 хоног саатуулна гэсэн байгаа.

-Ямар хуулийн заалтаар мэдүүлэг авсан бэ?

-Надад олон хуулийн заалт хэлсэн. Би заримыг нь санахгүй байна. Хуулиа нарийн сайн тайлбарлаагүй. Урт хууль учраас уншаарай гэсэн. Цар тахлын тухай хууль, Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийг дурдсан.

-УТАА ИХЭССЭН НЬ АРД ИРГЭДИЙН БУРУУ МЭТЭЭР МЭДЭЭЛЖ БАЙГАА НЬ БҮР ДУРГҮЙ ХҮРГЭЖ БАЙНА-

-Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө байцаагдах ямар санагдсан бэ. Цаашид хэрхэн тэмцэх вэ?

-Монгол Улсын үндсэн хуулинд хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гээд заасан байгаа. Би эрхээ эдлэхээр гарсан. Ганцаараа ч бай, хоёулаа ч бай бид эрхээ эдлэх боломжгүй болсон байгааг хараад гайхсан. Америкт хар арьстай хүн цагдаагийн ажилтанд боолгож нас барсны эсрэг одоо ч гэсэн иргэд тэмцсээр байгаа. “Хар арьстай хүмүүс амьдрах эрхтэй” гэж бичээд гэрийнхээ гадаа, цонхон дээрээ байрлуулаад л тавьчихсан байгаа. Бид хуулинд захирагдах ёстой. Тэгэхээр цаашид нөлөөлж болох хувилбараа олж тэмцэнэ. Ажлын газар болон гэрийнхээ гадаа ч юм уу, уриа лоозон бичиж тавина. Маскан дээрээ ингээд биччихлээ. Мөн олон нийтийн сүлжээгээр илэрхийлэх боломжтой байгаа.

-Шийдвэрлэх эрхтэй хүмүүсийг юу хийгээсэй гэж хүсэж байна вэ?

-Утааны эсрэг маш олон жил тэмцэж байгаа гэдэг хэрнээ хийж байгаа ажлаа олон нийтэд нээлттэй мэдээлэхгүй байна. Ямар газраа очоод гацсан гэдгээ хүртэл хав дарчихаад мэдээлэл өгөхөөрөө утаа өссөн нь ард иргэдийн буруу гэсэн мессеж өгөөд байгаа нь бүр ч их бухимдуулж байна. Шат дараатайгаар хийж байгаа ажлаа мэдээлж, олон нийтийн хэлэлцүүлэг хийж шуурхай шийдвэрлэх ёстой.

-БИД ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН ХОРТОЙ АГААРТ ХУУРТАГДАЖ АМЬДАРЧ БАЙНА-

-Гадаадаас эх орондоо ирсэндээ харамсаж байна уу?

-Хүүгээ хараад өөрийгөө хамгийн их буруутгалаа. Би өмнө нь эндээ амьдарч байсан хүн учраас дасан зохьцоод амьдарч чадна. Миний ой зургаахан сартай хүүд цэвэр агаар маш их хэрэгтэй байгаа. Хүүгээ харахаар ямар нэгэн зүйл хийх ёстой, дахиад арав, хорин жил ингэж амьдарч болохгүй, заавал өөрчлүүлэх ёстой гэж бодож байна.

-Явахад байсан утаа ирэхэд нь хэвээрээ байгаа нь ямар ч өөрчлөлт, ахицгүй байгааг ухааруулах хүчтэй цохилт болсон байх.

-Тэр үед утаа нүдэнд харагддаг байсан. Одоо бол утааны чанар өөрчлөгдсөн байна. Хотын төвд гэрийн цонхоор юу ч харагдахгүй хэрнээ “Агаар” аппликейшнээр шалгахаар 167 буюу агаар бохирдолтой байна гээд гараад ирж байгаа юм. Хотын төвөөс жаахан холдоход энэ тоо 500 байгаа. Дөрвөн жилийн өмнөх 500 гэсэн тоог тавин хувиар бууруулсан гэж мэдээлж байгаа нь ч худлаа.  Бид гамшгийн түвшний агаартайгаа, хууртагтаж амьдарч байна.

-ХААЖ ХОРИХ ТУСАМ ХУРААГДСАН БУХИМДАЛАА ХҮЧТЭЙ ИЛЭРХИЙЛСЭН ЖИШЭЭ ОЛОН БИЙ-

-Мэдүүлэг өгснийхөө дараа эргэж хуулийн заалтыг нь уншиж үзсэн үү?  

-Цар тахалд дэлхий нийтээр бэлэн байгаагүй. Гэхдээ дэлхийн аль ч оронд үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг цар тахлаас болж зөрчөөгүй. Гэтэл Монгол Улсад болохоор цар тахлаар далимдуулаад хүний үзэл бодлоо эдлэх эрхийг боомилж байгаа нь эрх баригчдын маш том алдаа юм. Бухимдлыг нь илэрхийлүүлэхгүй, хорьж цагдах тусам удаан тэвчиж байгаад гаргахдаа маш буруу арга замаар илэрхийлдэг. Хааж боох тусам тэсэрч дэлбэрэх нь хүчтэй байсан жишээ ч бий. Тийм байдал үүсгэхгүйн тулд олон нийтийн хэлэлцүүлэг хийж, харилцан ойлголцож явахгүй бол буруу аргаар хуулийг хэрэгжүүлээд байгаа юм шиг санагдаж байна.

-Тантай дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэн хүмүүс хэрхэн холбогдох вэ?

-“Утааны эсрэг хоёр дахь давалгаа” гэдэг фэйсбүүк групп нээсэн байгаа. Нээлттэй групп учраас тэнд нэгдээд судалж, мэдсэнээ хуваалцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Инстаграм, твиттер болон утсаар ч хүмүүс холбогдож байгаа.

-Зөвшөөрөл хүссэн хариу гурав хоногийн дараа гарах уу?

-Тийм ээ. Хэрэв хариу өгөхгүй бол жагсаал хийж болно гэж үздэг юм байна. Хэрэв болохгүй гэвэл зогсохгүй. Болно гэвэл тайван замаар үзэл бодлоо илэрхийлнэ.