БАРИМТ: Цалингүй, орон тооны бус орлогч Д.Ихбаярыг чөлөөлж Д.Сумъяабазар "шоуджээ"

БАРИМТ: Цалингүй, орон тооны бус орлогч Д.Ихбаярыг чөлөөлж Д.Сумъяабазар "шоуджээ"

Даваа гараг /2022.01.17/-т Засгийн газрын ээлжит бус хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын агаарын чанар хариуцсан дарга нартаа хариуцлага тооц” гэсэн чиглэлийг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт өгсөн.

Улмаар"Д.Сумъяабазарын захирамжаар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө" гэж НДЗТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс өчигдөр /2022.01.18/ мэдээлсэн.

-Д.СУМЪЯАБАЗАР ХУУЛИАРАА ОРОН ТООНЫ ХОЁР ОРЛОГЧТОЙ БӨГӨӨД Д.ИХБАЯР ОРОН ТООНЫ БУС ОРЛОГЧ БАЙЖЭЭ-

Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар хуулиараа ямар нэг үүрэг, хариуцлага хүлээдэггүй, цалин авах ёсгүй, орон тооны бус орлогч Д.Ихбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө хэмээн "шоудсан" байж магадгүй байна.

Учир нь хуулиараа нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байдаг. Энэ талаар “Монгол Улсын Засаг дахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй,нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухай Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан байдаг. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Иймд хуулийн дагуу Улаанбаатар хотын засаг Д.Сумъяабазарын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан хоёрдугаар орлогчоор З.Төмөртөөмөө нар ажиллаж байгаа юм. Харин “үүрэгт ажлаас нь чөлөөллөө” гэх Д.Ихбаяр нь Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч гэх орон тооны бус орлогчоор ажиллаж байжээ. Гэтэл НЗДТГ-аас Д.Ихбаярыг засаг даргын орлогч гэх үндсэн ажлаас чөлөөлсөн мэтээр нийгэмд мэдээлэл цацаж, нийгмийн сэтгэл зүйг тайвшаруулж, Улаанбаатарын утааны сэдвийг түр намжаасан бололтой.

-УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗӨВЛӨХ АСАН З.ТӨМӨРТӨӨМӨӨ ХОЁР САРЫН ӨМНӨ ОРОН ТООНЫ БУС ОРЛОГЧ ГЭХ СТАТУСТАЙ БАЙЖЭЭ-

Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч гэх орон тооны бус орлогчийн ажлыг өмнө нь З.Төмөртөөмөө хийж байжээ. Харин тэрээр шинэ оны өмнө /2021.11 сар/ Д.Сумъяабазарын орон тооны хоёрдугаар орлогч болж тушаал дэвшиж, түүний орон тооны бус орлогчийн статусыг Д.Ихбаяр авсан байна.

Харин тэрээр Toim.mn сайтад Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар ярилцлага өгөхдөө, “Сайжруулсан шахмал түлш хямд байгаа учраас иргэд ихээр авч, түлж байгаа нь агаар бохирдуулж байна” гэсэн нь, иргэдийн шүүмжлэлд өртсөн юм. Ингээд тэрээр “үүрэгт ажлаас нь чөлөөллөө” гэх Д.Сумъяабазарын пиарын гол хэрэгсэл болсон байж магадгүй байна.

Гэтэл үндсэн үүргээрээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг Д.Сумъяабазараас гадна хоёрдугаар орлогч З.Төмөртөөмөө хариуцаж магадгүй юм.

Сонирхуулахад, Д.Сумъяабазарын орон тооны хоёрдугаар орлогч З.Төмөртөөмөө нь УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Улмаар 2020 оны НИТХ-д нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдож, засаг даргын хоёрдугаар орлогч болж дэвшсэн нэгэн. Харин түүнийг тус албан тушаалд очиход УИХ-ын дарга Г.Занданшатар нөлөөлсөн байж магадгүй гэдэг. Харин Д.Ихбаяр нь 2020 онд Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны квот болон УИХ-ын гишүүн Н.Учралын нөлөөгөөр төслийн удирдагч буюу орон тооны бус орлогчгэх статусттай болоод байжээ.

2021 онд Д.Сумъяабазар нэг, хоёрдугаар орлогч дарга нараа чөлөөлөхдөө хуулийн 30.1.2 дахь заалтыг дурдаж байв

Мөн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Д.Сумъяабазараас НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хандаж илгээсэн албан тоотдоо нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой байна гэсэн хуулийн заалтыг тодорхой дурдсан байдаг.