Л.Халтар: Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн хурдны замыг барихаар олон улсад нээлттэй тендер зарлана

Л.Халтар: Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн хурдны замыг барихаар олон улсад нээлттэй тендер зарлана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Зам тээврийн сайд Л.Халтар өглөө.  

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар нэгдүгээрт, төмөр замын төслүүдийг цааш нь хэрхэн явуулах талаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, 2013 онд Монгол Улсын Засгийн газраас гарсан 68-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол батлагдлаа. Уг тогтоол анх гарахдаа Монголд хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд буюу 2010 онд УИХ-аас батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтад заасан нэг, хоёрдугаар үе шатны ажлуудыг гүйцэтгэх, барих, ашиглах, шилжүүлэх концессыг Монголын төмөр зам ТӨХК-д олгож байсан.

Өнөөдөр уг тогтоолын биелэлтийг ярилцаад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2022-2023 онд хэрэгжүүлэхээр заасан ажил болон Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад туссан Монгол Улсын баруун босоо төмөр зам, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг барих, шилжүүлэх нөхцөлтэйгөөр Монголын төмөр зам ТӨХК-д үргэлжлүүлэн олгож, уг ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гарсан.

Үүний үр дүнд төсөл хэрэгжиж дууссаны дараа Монголд 4700 орчим км урттай төмөр замын сүлжээ бий болно. Шинээр нэмэгдэх нь 2725 орчим км зам байна.

Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын тухай асуудал. Өнөөдрийн хурлаал уг асуудлыг хэлэлцэж, олон улсад нээлттэй тендерийг зарлахаар болж байна. Өмнө нь уг чиглэлд нэг бус удаагийн тендер зарлаж, гүйцэтгэгч 2015 онд шалгарсан боловч гүйцэтгэлийн ажил тааруу байсан учраас Үндэсний хөгжлийн газартай байгуулсан концессийн гэрээ цуцлагдаж байсан түүх бидэнд бий. Тиймээс цаашид хурдны авто зам барих ажил дээр олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй юм байна гэж үзэж, Төрийн худалдан авах ажиллагааны газар ойрын хугацаанд тендерийн бичиг баримтыг боловсруулж нээлттэй тендер зарлагдана” гэв.