Хуульчдын холбоо Зөвлөлийн гишүүдээ шинээр сонгоно

Хуульчдын холбоо Зөвлөлийн гишүүдээ шинээр сонгоно

Монголын Хуульчдын холбоо /МХХ/-ны Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр дуусгавар болж буйтай холбогдуулан Хуульчдын IV их хурлаар Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Иймд Зөвлөлийн гишүүнийг сонгох цахим сонгуулийг энэ сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

Хуульчид www.mglbar.mn цахим хуудас, "Хуульч" апликэйшнаар өөрийн хэрэглэгчийн нэр (Хуульчдын холбоонд бүртгэлтэй и-мэйл хаяг), нууц үгээр нэвтрэн орж, “Хэрэглэгчийн цэс”-ээс сонгуулийн цахим систем хэсэгт нэвтэрч нэрээ дэвшүүлэх боломжтой аж.

Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй байх, сүүлийн гурван жил мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага хүлээгээгүй байх зэрэг тавигдаж буй ажээ.

Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд гишүүнийг нэг удаа улируулан ажиллуулж болдог байна.

Мөн МХХ-ноос Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг сонгох цахим сонгуулыг эхлүүлээд байна. Мэргэжлийн хариуцлагын хороо нь 30 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шүүгчдийн төлөөлөл 18, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл тус бүр 6 байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүдийн 10 нь анхан шатны шүүхийн шүүгч, зургаа нь давж заалдах шатны шүүхийн шүүгч, хоёр нь хяналтын шатны шүүхийн шүүгч байх юм. Харин Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд Захиргааны давж заалдах шатны шүүхийн шүүгч орохыг хориглодог байна.