Макс компанийн захирал Д.Ганбаатар: Тасархай түрүүллээ

Макс компанийн захирал Д.Ганбаатар: Тасархай түрүүллээ

Өчигдөр АНУ-ын морин тойруулгын G1 буюу чансаагаараа нэг, хоёрдугаарт эрэмблэгддэг морьдын уралдаан болсон байна. Тус уралдаанд Макс компаний захирал Д.Ганбаатарын Mongolian Groom хүлэг хол тасархай түрүүлжээ. Тус хүлгийн уяа сойлгийг н.Ганбат тааруулсан байна.

Энэ тухай Д.Ганбаатар өөрийн facebook хуудастаа: Монгол түмэн ахан дүүс та бүхэндээ сайхан мэдээ дуулгая аа. Mongolian Groom (Монгол адуучин) маань G1 уралдаанд Америктаа нэг, хоёроор эрэмбэлэгддэг хурдан хүлгүүдтэй уралдаж, тасархай түрүүллээ.

Түрүүлснээр, Breeder's Cup дэлхийн аваргын хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сантай Classic уралдаанд оролцох эрхээ авч байна.  

2015 онд Mongolian Saturday түрүүлж, Монгол түмнээ огшуулж байсан. Монгол уяачид үнэхээр чаддаг гэдгээ харууллаа. Уралдааны дараа Ганбатаас ярилцлага авсан телевизийн сурвалжлагч Морины ертөнц шоконд орлоо гэж 3 удаа хэлсэн байна. Америкийн хэвлэлээр шуугиж байгаа сурагтай. Их сайхан байна аа. Би энд Алтай нутагтаа ээлжит модоо тарихаар Нутгийн Зөвлөлийнхөнтэйгээ явж байна. Ганбатдаа баярлалаа, уяачиддаа баярлалаа” гэжээ.