З.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Цэц дээр очоод унана

З.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Цэц дээр очоод унана

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтээс асуух санал асуулгын төсөлд тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Ард нийтийн санал асуулгад тавьсан Ерөнхийлөгчийн хориг хууль зүйн хувьд тодорхой үндэслэлгүй учраас хүлээж аваагүй гэдэг тайлбарыг МАН-ын бүлгийн удирдлагууд тайлбарласан. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхийлөгчийн хориг хууль зүйн хувьд тодорхой үндэслэлтэй байсан”  гэлээ. Хоригийг хүлээж аваагүй МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар түүний байр, суурийг сонслоо.

-АЛДААГАА ЗАСАХГҮЙ БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДЭЭР
ОЧООД ТЭРИЙ ХАДААД УНАНА ШҮҮ ДЭЭ-

-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэрийг гаргалаа. Хоригийг хүлээж аваагүй нь ямар үр дагавартай вэ?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл Цэц дээр очоод унана. Цэц дээр очиж унагахгүйн тулд Ерөнхийлөгч хориг тавьсан юм. Энэ алдаагаа засчихаа, тэгэхгүй бол 1999 оных шиг Үндсэн хуулийн цэц дээр очоод тэрий хадаад унана шүү дээ.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд нэг нам хүч түрэмгийлэн, дур зоргын байдлаар хандах нь сайн зүйл авч ирдэггүй. 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг дордуулсан  7 өөрчлөлт гээд, Үндсэн хуульд орсон цагаас нь хойш өнөөг хүртэл шүүмжилж ирсэн. Энэ удаа дордуулсан 7 өөрчлөлтийг засна гэсэн уриа лоозонтойгоор эхэлсэн ч, бүтэлгүйтсэн. МАН олонхийн суудал авч, төрийн эрхийг дангаар барьж байх үедээ дордуулсан 7 өөрчлөлтийг оруулсан. Гэтэл уг өөрчлөлт улс орны хөгжил, улс төр, нийгмийн амьдралд сөрөг муу нөлөө үзүүлсэн тухай шүүмжлэл өнгөрсөн хугацаанд тасраагүй. Үүнтэй адил тухайн өөрчлөлтийг оруулах үед явагдсан хууль тогтоох байгууллагын хуулийн зөрчил бүхий үйл ажиллагаатай холбогдсон маргаан бас тасраагүй. Ингээд үүссэн маргаан Үндсэн хуулийн цэцийн хэмжээнд олон жил өрнөсөн. Үр дүнд нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан хэмээн дүгнэж  болохоор байна.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн яг аль хэсгийг эсэргүүцэж байгаа юм?

-Ер ньЕрөнхийлөгч Ард нийтийн санал асуулгыг 30 тэрбум төгрөгөөр явуулахын эсрэг байгаа. Ард нийтийн санал асуулга явууллаа гэхэд ирц бүрдэхгүй бол яах вэ. Ингэвэл 30 тэрбум төгрөг салхинд хийсэх болно.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлаад явах боломж бий. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг агуулгын хувьд Ерөнхийлөгчийн зүгээс эсэргүүцэн хэлэх зүйл байхгүй.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ХУУЛИЙН ХУВЬД ҮНДЭСЛЭЛ НЬ
МАШ ОЙЛГОМЖТОЙ БАЙГАА-

-Ерөнхийлөгчийн хориг хууль зүйн хувьд тодорхой үндэслэлгүй байна гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлж байсан. Энэ талаар та тайлбар өгөөч?

-Хуулийн хувьд үндэслэл нь маш ойлгомжтой. Үндсэн хуульд зүв зүгээр өөрчлөлт оруулж болохгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн дагуу өөрчлөлт хий гэж байгаа юм. Хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.

-Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг задарна гэж байгаа?

-Үгүй. Тийм зүйл байхгүй. Хоригт Ерөнхийлөгчийн саналыг огт оруулж ирээгүй. Агуулга өөрчлөгдөхгүй, хэлбэрийн хувьд өөрчлөгдөж болно.