200 ширхэг автобусыг "тендергүй" оруулж ирэхээр болсон “Моннис моторс” ХХК таваас бусдыг нь оруулж ирээгүй байна

200 ширхэг автобусыг "тендергүй" оруулж ирэхээр болсон “Моннис моторс” ХХК таваас бусдыг нь оруулж ирээгүй байна

Одоогоос хоёр жилийн өмнө Хотын дарга асан С.Амарсайхан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор 200 гаруй сургуулийн стандартын автобус явуулахаар болсноо сүр дуулиантай зарлаж, Сүхбаатарын талбайд үзүүлэн дэлгэж байв. Тухайн үед  үзүүлэнд дэлгэсэн шиг сургуулийн 200 автобусыг 23 тэрбумаар авахаа мэдэгдэж байсан. Ингээд автобус худалдан авах ажилд тендер зарлахгүйгээр шууд худалдан авах эрхийг “Моннис Моторс” ХХК-д өгсөн байдаг.

Тодруулбал, Хотын дарга асан С.Амарсайханы 2020 оны А/463 тоот захирамжаар “Хүүхдийн сургуулийн автобус” нийлүүлэх 23 тэрбум төгрөгийн өртөгт ажлыг зохион байгуулах эрхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д шилжүүлж, захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүргийг Нийтийн тээврийн үйлчилгээний газарт даалгасан ч корпорацынхан тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийхээр “Моннис Моторс” компанитай гэрээлсэн байдаг. Гэтэл тус компани нь өнөөдрийг хүртэл таваас өөр сургуулийн автобусыг оруулж ирээгүй байна.

-200 ШИРХЭГ АВТОБУСНЫ ҮНЭЭР 75 ШИРХГИЙГ ОРУУЛЖ ИРЭХЭЭР БОЛЖЭЭ-

Өөрөөр хэлбэл, эхний ээлжийн таван ширхэг сургуулийн автобусыг тухайн үедээ оруулж ирэн иргэдэд танилцуулж, тэр ондоо 70 ширхэг, 2021 он гэхэд 200 сургуулийн автобусыг бүрэн авчирна гэгдэж байсан ч өнөөдөр тус ажил замхарчээ.

Цаашлаад хоёр жил сунжирч явсны эцэст автобусны үнийн хувьд өөрчлөлт орсон, эд ангийн үнэ нэмэгдсэн, хил гааль гэх мэт асуудлаар 200 сургуулийн автобус оруулж ирэх ямар ч боломжгүй, иймд 75 ширхэг болгож бууруулж, 200 ширхэг автобусны үнээр 75-ийг оруулж ирэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тэгвэл автобус нэг бүрийн үнийн хувьд хоёр компанийн худалдах, худалдан авах гэрээний нууцлалтай холбоотой учир үнэлгээг хэлэх боломжгүй гэж хоёр талаас мэдээлээд буй. Харин Хятадын “Алибаба” онлайн худалдааны сайтад өнөөдрийн ханшаар уг автобус нь 23-65 мянган ам.долларын үнэтэй байна. Харин улсын төсвөөс гарсан 23 тэрбумыг 75 ширхэг автобусны нэг бүрт хуваавал 98 мянган ам.доллараар автобус нэг бүрийг авахаар тооцжээ. Гэхдээ энэ хоёр жилийн өмнөх бус өнөөдрийн ханш юм. 

-ОДООГООР 15 АВТОБУС ЗАМЫН ҮҮДЭД ИРСЭН-

Энэ талаар эх сурвалж хэлэхдээ, “Сургуулийн шар автобусны хувьд анх таван ширхэг автобусыг нийслэлд “Моннис Моторс” компани хүлээлгэж өгсөн байдаг. Үүнээс хойш цар тахал, хил гааль гэж удаасаар одоо 15 ширхэг нь Замын-Үүдэд ирсэн бол 35 ширхэг нь хил дээр гацчихсан. Харин 25 нь одоогоор үйлдвэрлэгдэж байгаа” талаар мэдээлсэн юм. Өнгөрсөн гуравдугаар сард "Моннис моторс" ХХК-ийн захирал Г.Мөнхбаатар “Дараагийн ээлжийн автобус Замын-Үүд дээр ирсэн. Энэ сардаа багтаад хүлээлгэж өгнө” гэж мэдээлж байсан ч тэрхүү гацсан автобус нь ердөө 15 ширхэг л аж.