Ө.Шижир: Гуравдугаар сарын 30-нд гэртээ Япончуудад үүнээс илүү тоглолт үзүүлнэ

Ө.Шижир: Гуравдугаар сарын 30-нд гэртээ Япончуудад үүнээс илүү тоглолт үзүүлнэ

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ баг өчигдөр хэсгийнхээ хамгийн хүчтэй баг, дэлхийн чансааны 31, Азийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй Японы багтай хүч үзлээ.

Европын топ таван лигт тоглодог шилдэг тоглогчдоос бүрдсэн Японы шигшээ багтай нүүр тулсан манай тамирчид минут, секунд бүрийг үр дүнтэй, анхааралтай, хичээл зүтгэлтэй өнгөрүүлснийг онцолъё. Мэдээж Японы шигшээ багийнхны чансаа, ур чадварыг манайхантай харьцуулах аргагүй.

Тоглолтын эхний үед Японы шигшээ багаас “Салзбург” клубийн Такуми Минамито, “Соутхэмтон”-ы Маяа Ёошида, “Галатасарай” клубийн Юүто Нагамото, “Токио” клубийн Кенсукей Нагай нар гоол оруулсан. Сүүлийн хагаст манай залуус хоёр гоол алдан үндсэн цагт 6:0-ээр хожигдсон.

Ер нь тоглолт иймэрхүү үр дүнтэй дуусахыг таамаглаж байсан хүн олон. Хамгийн гол нь Монголынхоо  хөлбөмбөгчдийг дэлхийн хэмжээний багтай тоглохыг харах сайхан байлаа. 6:0 бол хөлбөмбөгийн спортод байдаг л үр дүн. ДАШТ-ий урьдчилсан шатыг анх удаа давсан Монголын шигшээ багийнхан дэлхийн чансааны 97-д эрэмбэтэй Киргизтэй энэ сарын 15-нд-нд эх нутагтаа өрсөлдөнө.

Харин Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир өөрийн твиттер хуудастаа “2019.03.30 нд монголдоо өөрийн талбай дээр гэртээ энэнээс илүү тоглолт үзүүлнээ Японуудад” гэжээ. Тэгвэл манай хөлбөмбөгийн шигшээ баг Японы шигшээ багтай ирэх онд дахин тоглох нь 2019 он биш 2020 он гэж бичихээ нарийн бичгийн дарга андуурсан байх хэмээн хөлбөмбөг сонирхогч залуус санал сэтгэгдлээ илэрхийлж байна.