УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар худал яриад дахин баригдав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар худал яриад дахин баригдав

Өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНХАУ-ын Эрээн хотын консул асан Д.Мөнх-Эрдэнийг танихгүй гэж мэдэгдсэн. Харин Д.Мөнх-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн түүн рүү дуут мессэж илгээж байсан баримтыг ил болгож түүний худал ярьдагийг илчилж орхисон. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны нэр барин Ж.Батзандан, Л.Болд нарыг худал ярихгүй байхыг анхаарууллаа.

Учир нь тэд өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ОУПХ-ноос сарын өмнө шахам ирүүлсэн дүгнэлтийг Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга дарж байсан нь ажлаас чөлөөлснийх нь дараа ил болж, Түр хороонд ирлээ. Тайланг дарагдуулсны улмаас хариуг өгөх хугацааг хождуулсан нь ноцтой алдаа болсон” гэсэн агуулгатай зүйл ярьсан юм.

Харин энэ асуудалд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тайлбар хийлээ. Тэрбээр “Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдийн өчигдөр хийсэн хэвлэлийн бага хуралд зориулж үнэн зөв мэдээлэл өгье. Ажлаа хийцгээ, улстөржихөө боль, попрохоо боль. Монгол Улсын их хурлаас түр хороог байгуулсан. Түр хороо ажлаа хийх ёстой. ОУПХ-ноос 12 хүнд 2019 оны есдүгээр сарын 6-нд мэйл хаягаар нь бичиг ирүүлсэн. Ж.Батзандангийн мэйл хаягаар мөн ирүүлсэн байгаа. Мэйл хаягаа шалгаж бай, Ж.Батзандан. Орчуулгын ажил есдүгээр сарын 7-ноос эхлэн хийгдсэн байна, би өчигдөр асуулаа.

Л.Болд гишүүн ээ, та УИХ-д зургаан удаа сонгогдсон. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд хийж байсан хүн. Иймэрхүү байдлаар асуудалд хандаж болохгүй, 2012 оноос хойш ОУПХ-ны хуралд та бид хоёр таван удаа явсан. Таван удаа явахдаа Хүний эрхийн дэд хороонд асуудлаа тавьж байсан. 2016 оноос Монгол Улсын Их хурал ОУПХ-ны харилцаа шинэ шатанд гарсан гэж бүсийн хурлаар хэлсэн. Одоо УИХ-ын гурван гишүүн ОУПХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. ОУПХ-ны Хүний эрхийн шинжээчийг хэн урьж авчирсан юм.

Та тавьтиртай бай. Сүүлдээ та нарын яриагаар бол Гадаад харилцааны яамны хэлтсийн даргыг халснаар дарагдаж байсан энэ бичиг ил боллоо гэх. Худлаа ярихаа боль.

Сүүлдээ бүр ОУПХ-ны нэрийг барьж, есдүгээр зүйл гэдэг дээр 2019 оны есдүгээр сарын 4-ний дотор хариу өгөхгүй бол холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэсэн заалт байна гэж.  Одоо надад ОУПХ-ны 71 заалттай зөвлөмж байна. Эндээс та нарын хэлсэн шиг үг нэгийг ч олж харсангүй.

ОУПХ 71 дэх дүгнэлтдээ С.Зоригийн хэргийг улс төрийн хөтөлбөртөө ахиц гаргах зорилгоор ашиглахгүй байхыг хүсье гэжээ.  Энэ бол уг хэргийг улс төрийн зорилгоор битгий ашиглаач ээ гэсэн үг.

Монгол Улсын Их хурал түр хороо байгуулсан,  та нар ажлаа хий. ОУПХ-ны нэр барьж битгий худлаа ярь.  Монгол Улс саарал жагсаалтад орох бодитой эрсдэл үүссэн үед ОУПХ-ны дүгнэлт барьж, огт бичээгүй зүйлээр хурал хийж худал мэдээлэл өгч болохгүй. Л.Болд гишүүн таныг худал ярьсанд харамсаж байна” гэсэн юм.