Сэтгэцийн өөрчлөлттэй, уур бухимдалтай хүмүүс энэ байдлаа жолоодож яваа автомашинаараа үзүүлдэг

Сэтгэцийн өөрчлөлттэй, уур бухимдалтай хүмүүс энэ байдлаа жолоодож яваа автомашинаараа үзүүлдэг

2019 он гарснаар есдүгээр сарын байдлаар зам тээврийн ослоор 430 хүний амь нас хохирсон байна. Гол нь нэг ослоор 2-3 хүн амь насаа алдах тохиолдол нэмэгджээ. Энэ нь орон нутгийн замд иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо гээд олуулаа зорчдог, дээр нь хурд хэтрүүлж, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийдэгтэй холбоотой байна гэж албан хүмүүс мэдээлэлж байна. 

-ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ДОХИОГООР МЭДЭГДЭХ-

Үүнээс урьдчилан сэргийлэх нэг арга нь урд яваа тээврийн хэрэгсэл ард яваа жолоочдоо гүйцэж түрүүлэх үйлдэл хийх эсэхийг дохиогоор мэдэгдэх явдал юм. Энэ нь жолооч нарын хүндэтгэлийн зан үйл бөгөөд манай ихэнх тээврийн хэрэгсэл буруу талдаа жолооны хүрдтэй. 

Энэ тохиолдол орон нутгийн замд том оврын тээврийн хэрэгслийн ард яваа жолооч ихээхэн тулгардаг. Тухайлбал, тэд урдаас автомашин ирж байгааг мэдэхийн тулд бүтэн гарах, эсвэл хажууд сууж яваа хүнээрээ харуулдаг. Гэтэл хажууд сууж яваа хүн нь тээврийн хэрэгслийн хоорондын зайг бүрэн баримжаалж чаддаггүй зэрэг шалтгаанаар зам тээврийн осол нэмэгдэж байгаа ажээ. 

Иймд ард яваа авто машины жолоочдоо дохиогоор гүйцэж түрүүлж болох эсэхийг өгөөд хэвшчихвэл зам тээврийн осол тодорхой түвшинд буурна гэдгийг албаныхан хэлж байна. 

-СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, УУР БУХИМДЛАА ЖОЛООДОЖ
БУЙ МАШИНААРАА ҮЗҮҮЛДЭГ-

Харин Нийслэлийн авто замын түгжрэлийн 38 хувь нь жолооч нарын ухамсар, бие биедээ хүндэтгэлтэй хандаагүйгээс үүдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Нийслэлд өдөрт хэдэн зуугаараа бүртгэгддэг замын тээврийн ослын дуудлагаас хэвлэлүүд ноцтой ослыг нь мэдээлээд өнгөрдөг. Нөгөөтээгүүр авто зам дээр шүргэлцэх, жолооч нар нэгнээ шахах, авто зам дээр зогсоод муудалдаж маргалдах нь энгийн үзэгдэл болоод байна. 

Харин үүнийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах, хошууч Г.Эрдэнэсүх жолооч нарын сэтгэцийн өөрчлөлт, иргэдийн уур бухимдалтай холбон тайлбарлажээ. 

Тэрээр “сэтгэцийн өөрчлөлттэй, уур бухимдалтай хүмүүс энэ байдлаа жолоодож байгаа тээврийн хэрэгслээрээ илэрхийлдэг өчнөөн хүмүүс байна. Эхлээд эрүүл хүнийг жолооч болгох ажилд эрүүл мэндийн байгууллага түлхүү хамтран ажиллах хэрэгтэй байна гэж хувийн зүгээс боддог. 

Тухайлбал саяхан Хүүхдийн ордны урд ноцтой осол гарч нэг хүний амь хохирсон. Тухайн жолооч эрүүл мэндийн шалтгаантай байсан учир ухаан алдаж, чигээрээ явсаар чиглэлийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зогссон байгаа юм. Харамсалтай нь хажууд нь явсан гэр бүлийн хүн нь газар дээрээ нас барсан. Мөн уулзварын хажууд зогсож байсан жолооч гэнэт хазлаад хөдөлж, юм мөргөөд зогссон. Яваад очсон ухаан алдчихсан. Энэ мэтээр эрүүл мэндийн шалтгааны улмаас осол гарах явдал байна” гэжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө