Японы эзэн хааныг ширээнд нь залах ёслолын үеэр Япон, БНСУ-ын харилцаа сайжрах уу

Японы эзэн хааныг ширээнд нь залах ёслолын үеэр Япон, БНСУ-ын харилцаа сайжрах уу

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён Японы Эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд оролцохоор ирэх долоо хоногт Токиог зорино гэж түүний ажлын албанаас өчигдөр мэдээлжээ. Ли Нак Ён энэ сарын 22-24-нд Япон улсад айлчлах үеэрээ Эзэн хааныг хаан ширээнд залах ёслол болон Ерөнхий сайд Абэ Шинзогийн зохион байгуулах хүлээн авалтад оролцох ажээ.

БНСУ-ын Ерөнхий сайд мөн “Японы улс төр, бизнесийн салбарын чухал төлөөлөгчидтэй” уулзаж, Япон дахь Солонгосын иргэд болон цагаачидтай уулзахаар төлөвлөсөн гэж дээрх мэдэгдэлд дурджээ. "Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ёслолын арга хэмжээнд оролцохгүй" гэж Хөх ордны төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдэлд Сөүлийн эсрэг чиглэсэн худалдааны хязгаарлалтын талаарх Японы байр суурийг онцолсон байжээ. Ли Нак Ёны айлчлал хоёр орны харилцааг сайжруулж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байна.

“Солонгос-Японы харилцааг сайжруулахын тулд Сөүл бүхий л хүчин чармайлтыг гаргаж байна. Энэхүү айлчлал харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна” гэж Хөх ордны төлөөлөгч “Yonhap” агентлагт ярилцлага өгөх үеэрээ өгүүлжээ.