Нийслэлд насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах жишиг өрөө байгууллаа

Нийслэлд насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах жишиг өрөө байгууллаа

Нийслэлийн хэмжээнд анх удаа “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах жишиг өрөө”-тэй боллоо. 

Өнгөрсөн оны байдлаар Нийслэлийн хэмжээнд 800 гаруй хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон судалгаа гарсан байна. Тэдгээр хүүхэд цагдаагийн байгууллагад удаа дараа биеэр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн амьдралд хар толбо үлдээгээд зогсохгүй сэтгэл зүйд нь хүндээр тусдаг учраас Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулсан байна.

Энэхүү өрөөг байгуулах болсон шалтгаан болон байгуулсны ач холбогдлын талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг мэдээлэл өгөв.

"Хүүхэд цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхдөө сэтгэл зүйн хувьд айдастай, сэтгэл зүйн  тогтворгүй байдлаас болж худлаа мэдүүлэг өгөх, өгсөн мэдүүлгээсээ буцах зэрэг асуудалтай тулгардаг. Тэгвэл “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулснаар хүүхэд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхгүй, хүүхдээс байцаалт авах цагдаа нар энгийн хувцастай байх, хүүхдийн орчин бүрдсэн газарт мэдүүлэг авах нь хүүхдийг сэтгэл зүйн хувьд таатай байх боломжийг бүрдүүлж буй юм.

Хүүхдийн байгууллагын дэргэд тусгайлсан өрөө байгуулснаар хүүхдүүд цагдаагийн байгууллага руу очихгүй, цагдаа нартай уулзахгүйгээр чөлөөтэй, хүүхдэд ээлтэй  орчинд гэмт хэргийн талаарх үнэн, зөв мэдээллийг өгөх боломж бүрдэнэ.  НИТХ-ын төлөөлөгчийн хувиар гаргасан санаачилгыг  хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Номт ротари клуб дэмжиж, энэхүү өрөөг байгуулахад туслалцаа үзүүлсэн.

Тус өрөө нь номын болон тоглоомын булантайгаас гадна хүүхдээс мэдүүлэг авах үед  сэтгэл зүйч, хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хамт байж, хүүхэд айх аюулгүйгээр мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Тус өрөөнд камер байршуулсан бөгөөд хүүхдээс мэдүүлэг авах цагдаагийн ажилтныг дүрэмт хувцасгүй, энгийн хувцастай ажилладаг болгох хүсэлтийг зохих байгууллагуудад тавиад байна. Нааштайгаар шийдэх боломжтой гэсэн хариуг бидэнд өгсөн. Нөгөөтээгүүр хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийг гэмт хэргийн хохирогч, гэрч болчихсон хойно нь бус, гэмт хэрэгт өртөхөөс нь урьдчилан сэргийлэх цогц ажил хийх шаардлагатай байна" гэжээ. 
 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар