ТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ

ТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2019.05.24) 09 цаг 22 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан  хоригийг хэлэлцлээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн уг албан бичигт,  Монгол Улсын Их Хурлаас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны тавдугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчилон ирүүлсэнтэй танилцлаа. Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжвэл зохино. Монгол Улсын Үндсэн хуульд “хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн ёсчилон биелүүлэх үндсэн үүрэг” гэж заасан тул татварын багц хуулийн шинэчлэлийг нийт иргэн, аж ахуйн нэгжид хамаатай, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг зүй ёсоор хөндөх нийгмийн томоохон өөрчлөлт гэж үзэж байгаагаа дурдсан байлаа.

Татварын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй.  Түүнчлэн, бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн. Гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон" татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзсэнийг З.Энхболд дарга танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан  хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 16.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.