"Монгол тэмүүлэл" сургуулийн байрыг эргүүлэн авахын тулд хүүхдүүдийн эцэг, эхчүүд тэмцэж байна

"Монгол тэмүүлэл" сургуулийн байрыг эргүүлэн авахын тулд хүүхдүүдийн эцэг, эхчүүд тэмцэж байна

Өнөөдөр Төв талбайд “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл жагсаал зохион байгуулав. Тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон холбогдох албаны хүмүүст сургуулийн байраа эргүүлж авах талаар шаардлага хүргүүлж буйгаа илэрхийлсэн билээ.

Учир нь Кембрижийн хөтөлбөртэй Төрийн өмчит “Монгол Тэмүүлэл” сургууль анх 2017 онд өөрийн эзэмшлийн байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тухайн үед Нийслэлийн Ерөнхий боловсролын 133-р сургуулийг хичээлийн байрны асуудал шийдэгтэл "Монгол Тэмүүлэл" сургуулийн 1, 2-р давхарт түр хугацаанд байрлуулах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ хүүхдийн тоог 450-аас хэтрүүлэхгүй гэсэн шаардлагыг тухайн үеийн сайд тавьсан бөгөөд үүнийг тус сургууль хүлээн зөвшөөрчээ.

Гэтэл өнөөдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 133-р сургууль 2000-аад сурагчтай болж, ачааллаа нэмэгдүүлснээр барахгүй "Монгол тэмүүлэл" сургуулийг энэ оны аравнэгдүгээр сарын 2-ны дотор өмчийн байраа чөлөөлж өгөхийг шаардсан байна. Ингээд сургуулийн байраа булгуулгасан Монгол тэмүүлэл сургуулийн сурагчид Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн байранд түр байрлахаар болоод байгаа аж. Үүнийг эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж буй юм байна.