Шүүн таслах ажилд саад учруулсан гэж З.Баянсэлэнгийг хугацаагүйгээр цагдан хорилоо

Шүүн таслах ажилд саад учруулсан гэж З.Баянсэлэнгийг хугацаагүйгээр цагдан хорилоо

Өчигдөр орой буюу энэ сарын 21-нд Барилга, хот байгуулалтын яамны сайд асан З.Баянсэлэнгийг ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-р ангид хугацаагүйгээр хорив. Учир нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон ч дахиад л шүүх хурлыг хойшлуулсан. Шүүгдэгч З.Баянсэлэнгэ ямар нэг шалтаг тоочсоор хойшлуулсан байдаг. Энэ удаа сар гаруй хугацааны дараа буюу арваннэгдүгээр сарын 28-нд хэлэлцэхээр болсон юм. Харин З.Баянсэлэнгийг шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан энэ аж.

Шүүгдэгч Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Зангадын Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн асан Миеэгомбын Болортуяа, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагын багт нь багтдаг, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, “Шинжаан шинфан” ХХК-д эрх бүхий албан тушаал хашдаг Сун Гуан Чин нарын хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцэхээр анх өнгөрсөн сарын 30-нд товлосон. Гэвч З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан.

Улмаар энэ сарын 16-нд хэлэлцэхээр товлосон ч гэрчийг оролцуулах, өмгөөлөгч нь хуралд оролцуулах гэх зэрэг хүсэлт тавьснаар өчигдөр болтол хойшлуулсан юм. Ингээд хүсэлтийг нь хангаад өчигдөр хэлэлцэхээр болсон ч мөн л шүүх хуралд нөлөөлөх шалтаг гаргасан байна.