Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилож магадгүй гэв

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилож магадгүй гэв

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Ховд аймгийн дараагийн Засаг даргаар хэнийг томилох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Ховдын Засаг даргаар ажиллах хүн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц мөн хурдны замын ажлыг хариуцна гэж хэлсэн байна. 

Зарим эх сурвалжуудын мэдээллээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилож магадгүй аж.

Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад Э.Болормаа Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ

Мөн Ховд аймгийн ИТХ хэрвээ шинэ засаг даргыг хүлээн зөвшөөрөхгүй улс орны эрх ашиг хөндөгдсөн томоохон төслүүдийг урагшлуулахад саад болвол тус аймаг руу чиглэх хөрөнгө оруулалтыг царцаах хүртэл арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн байна. Учир нь тус аймагт улс орны хэмжээний томоохон төслүүд хэрэгжих юм.