“Чингис хаан” хоолны нэрийг өөрчлөхийг Япончуудаас шаарджээ

“Чингис хаан” хоолны нэрийг өөрчлөхийг Япончуудаас шаарджээ

Өвөр Монголын Ордосын уугуул, Шизүока их сургуулийн профессор О.Цогт “Newsweek” сэтгүүлд “Ким Кардашьяны кимонод уурласан япончууд аа, Чингис хаан хоолныхоо нэрийг өөрчил” гэсэн нийтлэл бичжээ. Тодруулбал, Японы Хоккайдо зэрэг хойд зүгийн мужуудад хонины шарсан махтай хоолыг “Чингис хаан” хэмээх нэрийддэг байна.

Өвөр Монголын Ордосын уугуул, Шизүока их сургуулийн профессор О.Цогт нийтлэлдээ“Монголчуудын хувьд Чингис хаан бол япончуудын Эзэн хаан шиг эрхэм дээд зүйл. Хоолонд өгч болохгүй хүндтэй нэр. Япончууд өөрсдөө гадаадад кимоно гэсэн нэрийг ашиглахаар уурладаг.

Зургадугаар сард Америкийн Ким Кардашьян “Kimono” гэсэн дотуур хувцасны брэнд гаргахад япончууд зохиогчийн эрх, хулгай гэж хилэгнэн, 130 мянган хүн эсэргүүцлийн бичигт гарын үсэг зурснаар Ким брэндийнхээ нэрийг өөрчлөхөөс өөр аргагүй болсон билээ. Кимоно гэсэн нэр оюуны өмчийн зөрчилтэй юм бол Чингис хаан нэр ч адилхан байх ёстой. Ийм нэртэй монгол хоол байдаггүй. Ирэх жил олимп болох гэж байгаа тул өмнө нь энэ нэрийг өөрчлөх хэрэгтэй” хэмээн бичсэн аж.