Ч.Хүрэлбаатар: ЕТГ-ын дарга бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байна

Ч.Хүрэлбаатар: ЕТГ-ын дарга бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байна

Сангийн сайд Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ашигт малтмалын тухай хуульд ямар өөрчлөлт хийх вэ?

-Энэ зүгээр нэг асуудал биш. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц гаргасан. Яагаад гэвэл Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан. Олон улсын нэр товъёогоор роялти Монголд бол АМНАТ гэсэн татвар авдаг. Тэгвэл Цэцийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй болсон. Дээр нь хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг нь аваад хаячихсан. Ийм хоёр том шийдвэр гаргасан. Ингээд Монгол Улсад 2020 оны төсөв дээр 1.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлнэ гэж байсан орлого эргэлзээтэй болсон. Үүнээс гадна 2018 оны төсвийн гүйцэтгэлээр нэг их наяд 64 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар төсөв дээр нэг их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсан татварыг хүчингүй болгосон.

-Лобби хийсэн компаниуд хэдий хэмжээний татвар төлсөн бэ?

-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж яриад байгаа юм. Страто гээд компани байна Эрдэнэс Тавантолгойгоос 72 ам.доллароор нүүрс авч байгаа. Үүнээс дотооддоо борлогдож байгаа учраас АМНАТ-ийн татварыг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ Страто гэдэг компани бус Тавантолгой төлж байгаа. Эрдэнэс Тавантолгой өөрөө гаргахдаа 92 ам.доллароор гаргадаг. Үүнээс найман хувийн АМНАТ төлдөг. Харин Страто компани 2.5 шингэсэн үнээр аваар боловсруулаад гаргахдаа 6.5 хувиар. Ашигт малтмалын тухай хууль дээр давхардуулахгүй гээд зааж өгсөн учраас 2.5-аа хасаад үндсэндээ дөрвөн хувийн АМНАТ төлдөг. Боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихгүй байна гэдэг худлаа. Монгол Улсад 2006 оноос төлөгдөөд явж байгаа татвар.

-Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарчихсан учраас төсвийн орлогын бүрдүүлэлт дээр асуудал үүсэх байх?

-Засгийн газрын хуралдаанаар ороод үүнийг засъя гэсэн чинь дэгээрээ Их хурал өөрчлөлт хийх ёстой юм байна. Тэгэхээр Их хурал дээр энэ ажил хийгдээд явж байна. Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Дэгээрээ Их хурал энэ асуудлыг оруулах ёстой. Дунд нь хоног алдахгүй байхаар зохицуулаад гаргаж болно. 1.3 их наяд төгрөгийг буулгаж болохгүй. Үүнийг компаниуд төлөөд ирсэн татвар. Тиймээс эргүүлээд сэргээж өгнө гэдэгт би итгэлтэй байна. АМНАТ бол Монгол Улсаас экспортод гаргаж байгаа зэс, төмөр, нүүрс, цайр зэрэг бүхий л бүтээгдэхүүнээсээ авдаг. Ингээд орлогоо 1.3 тэрбум байна гэж тооцож гаргасан.

-Цэцийн дүгнэлт гарчихсан байхад яагаад төсөв дээрээ ийм өндрөөр тооцсон юм бэ?

-Мэдэхгүй. З.Энхболд гэдэг хүн тийм юм яриад байна лээ. 2019 оны төсвийг ч гэсэн “та нар орлогыг төвлөрүүлж чадахгүй. Хэтэрхий өөдрөг төсөв зохиолоо” гээд ноднин жилжингээ ярьсан. Тэр үед би 95 хувийн итгэл үнэмшилтэйгээр энэ мөнгийг төвлөрүүлж чадна гэдгээ ч хэлж байсан. Их хурал дээр нэг зовлон байсныг та бүхэн ойлгоорой. Үндсэн хууль хэлэлцэгдээд өөр асуудал хэлэлцэж болохгүй байсан болов уу гэж бодож байна.

-Уул уурхай Сангийн яамны байр суурь АМНАТ дээр зөрүүтэй байгаа гэж байна. Хоёр яам яриад саналаа нэгтгэх боломж бий юү?

-Мэдэхгүй. Би тийм зүйл сонсоогүй. Энэ хуулийг анх Д.Сумъяабазар сайд өргөн мэдүүлсэн. Тэгэхдээ Засгийн газраас санал аваад санал нэг байдлаар өргөн барьсан. Тэр санал хэвээрээ байгаа. Засгийн газар нэгдсэн нэг байр суурьтай байгаа.

-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй учир энэ тал дээр тайлбар өгөөд байгаа гэгдэж буй?

-Тэгж харагдаж байна лээ. Цэцийн асуудал ороод ирсэн чинт үсэрч гарч ирээд тайлбар өгөөд байна лээ.

-Таныг Хятад компаниудын захиалгаар АМНАТ оруулж ирсэн гээд байгаа?

-Би энэ хуулийг өргөн бариагүй. Уул уурхайн яам өргөн барьсан.