10-13 насны таван хүүхэд Хотын төвд автомашин жолоодож яваад саатуулагджээ

2019-12-05 16:55

Бага насны таван хүүхэд бусдын автомашинд түлхүүр тааруулан хулгайлаад унаж явжээ

Өнөөдөр буюу энэ сарын 5-ны өдрийн 14:00 цагийн үед бага насны хүүхдүүд автомашин жолоодож явсан зөрчил илрүүлж саатуулах арга хэмжээ авсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэсвгэр Сүхбаатарын талбайн орчимд 10-13 насны таван эрэгтэй хүүхэд автомашин жолоодон хөдөлгөөнд оролцож байсан аж. Тэднийг Тээврийн цагдаагийн алба хаагчид шалгахад хүний автомашинд түлхүүр тааруулан унаж явжээ. Мөн тэд удаа дараа эзэнгүй асаалттай орхисон бусдын автомашиныг түлхүүр тааруулан хулгайлсан үйлдэлтэй хүүхдүүд байжээ. Мөн тэд өөр тээврийн хэрэгслийн түлхүүрийг оймсондоо нуусан байсан нь илэрсэн байна.

Тухайн хүүхдүүд цахим тоглоомын газар болон гулгахаар тухайн тээврийн хэрэгслийг унаж явсан гэдгээ мэдүүлжээ. Тэднийг ямар нэг осол аваар гаргахаас нь өмнө цагдаагийн албан хаагчид зогсоож, саатуулсан байна. Уг хэргийг харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулахаар болжээ.

Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад, "Хүүхдүүдийг хэлтэст авчирч мэдүүлэг авч байгаа. Түүний дараа хүүхдүүдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгнө " хэмээлээ.

2019-12-05 14:45

10-13 насны таван хүүхэд Хотын төвд автомашин жолоодож яваад саатуулагджээ

Тээврийн цагдаагийн алба нь өдөрт дунджаар нийт 300-350 дуудлага мэдээлэл хүлээн авдаг гэсэн албаны мэдээлэл бий. Харин сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох иргэдийн тоон мэдээлэл буурахгүй байна гэсэн мэдээлэл байдаг.

Тэгвэл өнөөдөр 14 цагийн орчимд Улаанбаатар хотын төвд ЕБС-ийн сурагч болох 10-13 насны таван хүүхэд автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Тээврийн Цагдаагийн албаны албан хаагчдад саатуулагдсан хэрэг гарсан байна. Одоо цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.