“Aspire Mining” компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ачит-Эрдэнэ томилогдлоо

“Aspire Mining” компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ачит-Эрдэнэ томилогдлоо

Aвстралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ачит-Эрдэнэ томилогджээ.

Тэрбээр тус компанид хоёр жил ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд жилийн цалинг нь 180 мянган ам.доллароор тогтсон байна.  

Мөн тус компанийн ТУЗ-ийн дарга Дэвид Полл ирэх оны гуравдугаар сараас эхлэн ТУЗ-ийн бүрэн бус тэргүүнээр ажиллах юм байна. Монгол Улсын иргэн, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг “Aspire Mining”-ийн гол хувьцаа эзэмшигч болж байгаатай холбогдуулан ийнхүү гүйцэтгэх удирдлагын багаа өөрчилж байгаа аж.

“Aspire Mining” компани нь Хөвсгөл аймгийн нутагт орших Овоот нүүрсний ордын эцсийн шатны ТЭЗҮ-ийг 2020 оны тавдугаар сард боловсруулж дуусгахаар төлөвлөж байна. Төслийн эхний шатны төлөвлөгөөгөөр бол 12-15 сарын дотор жилдээ дөрвөн сая тонн коксжих нүүрс олборлож, БНХАУ, ОХУ-ын гангийн үйлдвэрүүд рүү авто зам болон төмөр замаар тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.