ТОМИЛОЛТ: Монголын кинонууд төлөвлөснөөс илүү амжилт олсон БЭЭЖИН ДЭХЬ МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮД

ТОМИЛОЛТ: Монголын кинонууд төлөвлөснөөс илүү амжилт олсон БЭЭЖИН ДЭХЬ МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮД

-МОНГОЛЫН КИНОГ САНААНД ОРОХГҮЙ ТООНЫ ХҮН ҮЗЭВ-

Өнгөрсөн жил ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулсан Монголын соёлын өдрүүдийг энэ жил БНХАУ-ын Бээжин хотод амжилттай зохион байгууллаа. Эхний удаад найрсаг харилцаатай хоёр хөршдөө Монголынхоо соёлыг танилцуулах нь дараа, дараагийн орнуудад соёлын өдрүүдийг зохион байгуулах ажилд томоохон түлхэц болно гэж зохион байгуулагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамныхан хэлж байна. Тийм ч учраас тус яамныхан уг ажилд ихээхэн ач холбогдол өгч өргөн баг бүрэлдэхүүнтэйгээр Бээжинд ажилласан юм. Хоёр хөршдөө зохион байгуулсан энэ арга хэмжээ ирэх оноос БНСУ, Япон зэрэг оронд үргэлжлэх юм.

Энэ сарын 1-ны өдрөөс эхлэн албан ёсны нээлтээ хийж Хятадын ард түмэд толилуулж эхэлсэн Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд

-ИТГЭЛ, АЛСЫН УДИРДЛАГА, ТҮЦНИЙ ОХИД, ХАЛУУН ЗҮРХ зэрэг дөрвөн кино Бээжин, Хөх хотод гарлаа. Монголын киног төлөвлөгөөгүй, санаанд ороогүй тооны олон хүн үзсэн гэж зохион байгуулагчид ярьсан юм. Бүх Хятадын киноны архивын дэргэдэхкино 200 гаруй хүний суудалтай танхим үзэлтийн цагуудад дүүрсэн нь зохион байгуулагч ажлын хэсгийнхнийг яг үнэндээ гайхашруулж орхисон юм. Энэ бол бидний хувьд амжилт. Хөх хотод бүр илүүтэй олон хүн үзсэн гэх мэдээлэл бий. Монголын кинонуудыг Бээжин, Хөх хотод толилуулах ажил амжилттай болж манай кино уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд киногоо гаргах, хамтран ажиллах гүүр тавигдсан болон бусад мэдээллийг ЭНД дарж уншина уу.

-Мөн гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн  Хятадын олон улсын соёлын солилцооны төвд одоог хүртэл гарч байна. Зурагчин Г.Ган-Өлзийгийн зургууд нь Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн өвөрмөц ёс заншлыг Хятадын ард түмэнд таниулж чадсанаас гадна цаашид БНХАУ-ын гэрэл зурагчидтай хамтран ажиллах ажлыг эхлүүлэв. “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэнгийн тухай мэдээлэл болон зургуудыг ЭНД дарж уншина уу.

-Энэ сарын 3-ны өдөр Монголын Үндэсний урлагийн их теартын Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулсан “Алтан ерөөл” тоглолтыг Бээжингийн алдарт Сувдан театрт тоглосон. Тоглолт заал дүүрэн хүний тасралтгүй алга ташилтан дор эхэлж, өндөрлөсөн юм. Алдарт Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим, Б.Шарав агсны “Сэрсэн тал” гэх мэт алдартай уран бүтээлүүдээс гаднаМонголын уламжлалт урлагийн онцлогийг харуулсан энэхүү тоглолт үзэгчдийн сэтгэлийг бүтэн хоёр цаг уяраав.

Уг тоглолтод БНХАУ-ын Соёлын дэд сайд хүрэлцэн ирсэн юм. Соёлын өдрүүдийн хүрээнд хоёр орны соёлын салбарт хамтран ажиллах талаар албаны уулзалтууд болж, хамтын ажиллагааны эхлэлүүд тавигдаж байлаа.

Ийнхүү бид урд хөршдөө соёлын өдрүүдээ зохион байгуулж Монголоо танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгуулав. Соёлын дархлааг бий болгох, соёлоороо дамжуулж улс орноо түгээн сурталчлах бол зайлшгүй чухал ажил байдаг билээ. Улс орнуудын хувьд зөөлөн хүчний бодлого буюу урлаг, соёлоороо дамжуулан эх орноо сурталчлах бодлогыг илүүд хэрэгжүүлж байна. Бид ч мөн энэ үйл ажиллагаатай хөл зэрэгцүүлэн алхах ёстой юм.

БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг

-Ё.БААТАРБИЛЭГ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРЧ, 15-20 ЦИРКЧИНГ БНХАУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ-

Соёлын өдрүүдийн арга хэмжээг зохион байгуулахтай зэрэгцэн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын холбогдох гурван салбарын сайдтай уулзалт хийж холбогдох ажлуудаар хамтран ажиллахаар тохирсон юм.

Айлчлалын үр дүнгийн талаар түүнээс зарим асуултад тодруулга авлаа.

-Айлчлалын хүрээнд тус улсын Шинжлэх ухаан, Боловсрол, Соёлын яамдын сайдтай уулзлаа. Уулзалтаар ямар ажил дээр хамтран ажиллахаар болов. Энэ талаар мэдээлэл өгнө үү?          

-Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд, Боловсролын сайд, Соёлын сайд нартай уулзлаа. Хоёр улсын хооронд БСШУ-ны салбарт олон жил, олон чиглэлээр нягт хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн. Боловсролын салбарын хамтын ажиллагааны хувьд гэвэл, БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр тус улсад Монгол Улсаас оюутнууд суралцаж байна. Өнгөрсөн хугацаанд 3800 орчим оюутан тус тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгссөн байна.

Өнөөгийн байдлаар, БНХАУ-д 8000 гаруй оюутан суралцаж байна гэсэн тоон мэдээлэл байдаг. Эдгээр оюутны нийгмийн асуудал, суралцаж буй чиглэл, оюутнуудын ахуй нөхцөлд нь тулгарсан олон асуудал байдаг талаар бидэнд санал хүсэлт ирдэг. Эдгээр асуудлыг хоёр орны салбарын сайд нарын уулзалтын түвшинд ярилаа. Оюутнууд маань гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, сургуулиа солих, сургууль солихын хэрээр тухайн квот нь зөрчигдөх, үгүй болох зэрэг манай талд хохиролтой асуудал нэлээд гардаг. Үүнийг цаашид яаж шийдвэрлэх, оюутны квотыг нэмэхээсээ илүүтэй, одоо байгаа квот дээрээ манайд эрэлттэй мэргэжлүүдээр яаж сургах вэ гэдэг асуудал байдаг. Энэ хүрээнд оюутан солилцооны асуудлыг тус улсын Боловсролын сайдтай нь ярилаа.Мөн хоёр улсын ЕБС, сургуулийн өмнөх боловсролын хэмжээнд харилцаа, хамтын ажиллагаа бага байдаг. Хөрөнгө оруулалтын түвшинд БНХАУ-аас манайд 7 сургууль, 1 цэцэрлэгийг буцалтгүй тусламжийн хүрээнд барьж өгч байгаа. Цаашид ЕБС-ийн багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцуулах чиглэлийн асуудлыг ярилаа. Үүнийг Боловсролын сайд нь дэмжиж байна.

-ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ЭХЛҮҮЛНЭ-

-Шинжлэх ухаан, технологийн сайдтай уулзахдаа цөлжилттэй тэмцэх ажлаар хамтран ажиллахаар санал тавьсан гэсэн. Тэд ямар хариу өгсөн бэ?

 Шинжлэх ухаан, технологийн сайдтай хийсэн уулзалт мөн амжилттай боллоо. Хоёр улсын хооронд хийгдсэн Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх урт хугацааны хэд хэдэн баримт бичиг бий. Энэ баримт бичгүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй зарим ажил тодорхой түвшинд хүрээд зогссон. Жишээлбэл, молекул биологийн чиглэлийн лабораторийн төсөл хэрэгжээд, эхний ээлжийн тоног төхөөрөмжүүд Монголд очсон. Хоёр тал байр сууриа нэгтгэж байж хоёрдугаар ээлжийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэх асуудал байсан. Үүнийг цэгцэлж, харьяаллыг нь тодорхой болгож тохирлоо. 2009 онд байгуулсан, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр “Архелогийн хамтарсан судалгаа явуулах” санамж бичгийн хүрээнд хийх ажил эхлээгүй байсан. Үүнийг эхлүүлж, төслөө хэрэгжүүлье гэдэг асуудал дээр санал нэгдлээ. Шинжлэх ухаан, технологийн сан, БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны сантай хамтарсан суурь судалгааны төслүүд хэрэгжүүлэх ажил байгаа. Энэ бол нэлээд эрчимтэй хөгжүүлэх боломжтой ажил гэдэг дээр санал нэгдлээ.

Бас нэгэн чухал ажил бол гурван улсын эдийн засгийн коридорын асуудал. Гурван улс эдийн засгийн хувьд коридор үүсгэж, хамтарсан эдийн засгийн томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлэх гэж байгаа нөхцөлд, энэхүү коридороо түшиглэн шинжлэх ухааны салбартаа гурван улс хамтарсан төсөл хэрэгжүүлье гэдэг саналыг манай талаас тавьсан. Энэ саналыг өмнө нь ОХУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайдтай уулзахдаа тавихад ОХУ-ын тал дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хятадын тал мөн дэмжиж байна. Тэгэхээр гурван улсын Шинжлэх ухааны байгууллагууд түүх соёл, шинжлэх ухааны тодорхой төслүүдийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн цөлжилттэй тэмцэх чиглэлд анхаарал хандуулж, цөлжилтийн эсрэг суурь судалгааны төсөл хэрэгжүүлье гэдэг асуудлыг бид тавилаа. Хятадын талаас хамтарч ажиллах, төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

-СОЁЛЫН ӨВИЙН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ САНАМЖ БИЧГИЙГ
ОЙРЫН ХУГАЦААНД БАЙГУУЛНА-

-Монголоос 15-20 циркчинг БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх талаар ярилцсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Мөн Соёлын салбарын хамтын ажиллагааны хувьд, маш амжилттай яриа өрнөлөө гэж бид үзэж байна. Хоёр улсын хооронд 2019-2021 онд хэрэгжүүлэх Соёлын салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө байгаа. Энэ төлөвлөгөөг Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах үеэр байгуулсан юм. Хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг зангидсан, хамтын ажиллагааны индэр болсон, үйл ажиллагааны бүтэц бий болгоё гэдэг асуудлыг Хятадын талаас тавьж байна. Ингэхдээ хоёр орны соёлын форум эсвэл зөвлөгөөнийг бий болгож, өндөр дунд бүхий л түвшинд уулзалт, хамтын ажиллагаа тогтмолжуулъя, хоёр улсын Соёлын асуудал хариуцсан яамдын харилцаа, холбоо, ажлын уялдааг сайжруулъя гэдэг дээр талууд санал нэгдлээ. Ингээд 2020 онд Бээжин хотод хоёр улсын соёлын салбарын томоохон форум зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

БНХАУ-ын циркийн байгууллага бол дэлхийд алдартай, сургалт судалгааны бааз сайтай улс. Монголын циркийн 15-20 хүнийг сургаж дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх асуудлыг манай талаас хөндсөн. Хятадын Соёлын сайд үүнийг бүрэн дэмжсэн. Мөн хоёр орны Засгийн Газрын хооронд, эсвэл хоёр яамны хооронд Соёлын өвийн хулгайтай тэмцэх санамж бичгийг ойрын хугацаанд буюу 2020 оны эхний улиралд багтааж байгуулъя гэдэг дээр байр суурь нэгдлээ.Ерөнхийдөө, энэ удаагийн айлчлалын хүрээнд БНХАУ-ын холбогдох гурван салбарын сайдтай хийсэн уулзалтууд ажил хэрэгч, богино хугацаанд ажил хэрэг болгох, нэлээд үр дүнтэй уулзалтууд боллоо гэж дүгнэж байна.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө