Ш.Алтантуяаг буудах тушаалыг Ерөнхий сайд асан Нажиб өгсөн гэж цагдаагийн экс дарга нар мэдэгджээ

Ш.Алтантуяаг буудах тушаалыг Ерөнхий сайд асан Нажиб өгсөн гэж цагдаагийн экс дарга нар мэдэгджээ

Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн үхэлтэй холбоотой маш ноцтой баримт www.straitstimes.com сайтад өчигдөр нийтлэгдлээ. Тодруулбал, Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг буудах тушаал өгсөн бөгөөд цаазаар авах ял сонсоод буй цагдаагийн офицер Азали Хадри хэлэхдээ “2006 онд тухайн үед Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Нажиб надтай уулзаж, "Ш.Алтантуяаг буудахыг /алах/ тушаасан. Түүнийг "гадаадын аюултай тагнуул" байсан гэж хэлсэн” хэмээн Малайзын Холбооны шүүхэд өргөдөл гаргаж, цаазаар авах ялаа дахин хянаж үзэхийг хүсчээ. Шүүх тэдний өргөдлийг өнөөдөр хянан хэлэлцэх бололтой.

Хэрэгт холбогдсон цагдаагийн командлагч, Сирул Азхар Умар, цагдаагийн офицер Азила Хадри нар өнгөрөгч аравдугаар сарын 17-ны өдөр Холбооны шүүхэд энэхүү өргөдлөө гаргасан бөгөөд “www.malaysiakini.com” сайтад тавигдсан мэдээллийн мөрөөр тус сайт мэдээлсэн юм. Харин анхдагч эх сурвалж болох Malaysiakini сайт хэрэг явдал хэрхэн эхэлсэн, Ш.Алтантуяа гэж хэн болох талаар мэдээлжээ. 

Уг мэдээлэлд “2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг харгис хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэргийг экс Ерөнхий сайд Нажиб Абдул Разак захиалсан хэмээн буруутгагдаж байлаа. Тэгвэл аллагад буруутгагдан ял эдэлж байсан офицер асан Азила Хадри нарын хэрэг дахин анхаарал татаж байна” хэмээгээд талийгаач Ш.Алтантуяа хэн байсан, Разактай ямар холбоотой байсан, мөн шүүх хурал хэд хоног үргэлжилж, хэдэн хүн гэрчээр оролцсон талаар нэгбүрчлэн бичсэн байсан юм.

Азила Хадри гэгч мэдүүлэгтээ “Нажибын туслах байсан Муса Сафри намайг Пекан дахь Шри Кэнанганын албан өрөөнд Нажибтай уулзуулсан. Ерөнхий сайд надад Куала Лумпурт байгаа гадаадын тагнуулч Абдул Разак Багиндаг сүрдүүлж, заналхийлж байгаа гэдгийг хэлсэн. Гадаадын тагнуулч эмэгтэй нь үндэсний аюулгүй байдлын талаар олон зүйл мэдэж байгаа, маш аюултай гэсэн. Гадаадын тагнуул нь Ерөнхий сайдад хүрч чадаагүй учраас оронд нь тусгай ажилтныг заналхийлж байгаа гэсэн. Тэр намайг Куала Лумпурт далд ажиллагаа явуул гэж хэллээ.

Би "харийн тагнуулын  асуудлаар тайлан гаргаж, цагдаагийн төв байранд байгаа найзаасаа тусламж хүснэ" гэж хэлсэн ч тэр татгалзсан. Учир нь нийгэмд аюул занал учруулж болзошгүй энэ асуудлыг олон нийтэд мэдэгдэж болохгүй гэж хэлэв. Тагнуулчийг нууцаар баривчилж, тэсрэх бодис ашиглан түүний биеийг устгах нууц ажиллагаа явуул гэлээ. “Би Ерөнхий сайдаас харийн тагнуулыг баривчилж, устгана гэж юу гэсэн үг вэ” гэхэд “алах” буудна гэсэн хариу өгч, “хүзүүг нь таслах” дохио өгч байлаа.

Мөн тэсрэх бодис ашиглан устгах зорилгынх нь талаар асуухад Ерөнхий сайд “Гадаадын тагнуулын цогцсыг ул мөргүй арилгахын тулд дэлбэлэх төхөөрөмж ашиглах ёстой. Малайзын цагдаагийн тусгай албаны зэвсгийн агуулахаас цогцсыг устгах тэсрэх бодисоор хангана. Энэхүү нууцлалтай ажиллагааг маш болгоомжтой, өндөр нууцлалтай, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа тул маш сайн гүйцэтгээрэй гэж сануулсан” хэмээн мэдүүлж байжээ. Гэвч Нажиб энэ бүхнийг үгүйсгэсэн байдаг. Харин улс төрийн шинжээч Абдул Разак Багиндаг 2008 онд Дээд шүүх цагаатгасан юм.

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.