ФОТО: Дөрвөлжин чулуунуудыг 100 гаруй сая төгрөгөөр хийж, Төрийн тусгай хамгаалалттай газраас тавьжээ

ФОТО: Дөрвөлжин чулуунуудыг 100 гаруй сая төгрөгөөр хийж, Төрийн тусгай хамгаалалттай газраас тавьжээ

-ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН: ЧУЛУУНЫ ЗАГВАР ДИЗАЙНЫГ ДАХИЖ ЗАСАХ ШААРДЛАГАТАЙ-

Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Төрийн ордны урд тал буюу Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсэгт жижиг дөрвөлжин хэмжээтэй боржин чулуунуудыг байрлуулсан байсан. Тус чулууг хаанаас байрлуулсан нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм. Тэгвэл дээрх чулуунуудыг Төрийн тусгай хамгаалалттай газраас хийлгэж талбай дээр байрлуулсан байна. Хотын дарга С.Амарсайхан дөнгөж сая Сүхбаатарын талбайд ажиллаж Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга н.Алтаншагайтай уулзлаа.

Тус чулууг нийслэлийн төсвийн 100 гаруй сая төгрөгөөр бүтээжээ.

Уулзалтын үеэр Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга н.Алтаншагай “Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа. АНУ, ОХУ, Герман, Япон гэх мэт олон орны төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулуу тавьдаг юм байна лээ. Сүхбаатарын талбайд олон нийтийн арга хэмжээ их болдог. Төрийн ёслол, хүндэтгэлээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангаж энэ чулууг тавьсан. 2018 оноос яригдсан ажил сая ажил хэрэг боллоо. Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан иргэн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон хэргүүд гарч байсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангаж энэ чулууг хийлгэж тавьсан. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу хийсэн. Цэвэр монгол чулуугаар хийсэн. Том нь 300 гаруй кг-ийн жинтэй. Хэр баргийн машин мөргөхөд хөдлөхгүй. Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэсэн юм.

Харин Хотын дарга С.Амарсайхан “Яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахгүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлага байна. Ажлаа уялдуулах ёстой. Харагдах байдлаас нь ахиад засах хэрэгтэй. Хот байгуулалтын газартай хамтраад ажиллаарай. Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайныг нь сайжруул. Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хийсэн учраас хариуцаад ахиад өөрчил. Гадны улсуудад ийм байдаг гээд дөрвөлжин чулуу тавьж болохгүй” гэсэн юм.