БНХАУ: Олон улсын тавцан дахь ямар ч өөрчлөлт Хятад, Оросын харилцаанд нөлөөлөхгүй

БНХАУ: Олон улсын тавцан дахь ямар ч өөрчлөлт Хятад, Оросын харилцаанд нөлөөлөхгүй

БНХАУ-ын Гадаад хэргийн яам хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ хурлаар БНХАУ-ын дарга Ши Жинпиний  ОХУ-д хийх төрийн айлчлал, мөн Петербургийн олон улсын эдийн засгийн 23 дугаар форумд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгчээ.

БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгчийн мэдэгдснээр Ши Жинпин ирэх сарын 5-7-ны өдрүүдэд Орост төрийн айлчлал хийх юм байна.

Гадаад хэргийн дэд сайд Чжан Ханьхуэй мэдэгдэл хийхдээ  өдгөө олон улсын харилцааны үндсэн зарчмуудад ихээхэн нөлөөлөх нэг талыг баримталсан үзэл баримтлал газар авч, бүс нутгийн асуудлууд гүнзгийрч, хүн төрөлхтний өмнө нийтлэг аюул занал, эрсдлүүд  бий болсон энэ нөхцөлд Хятад, Оросын харилцаа улам боловсрон, тогтвортой, бат бэх болж байгааг онцоллоо. Мөн хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, талуудын үндсэн ашиг сонирхлуудыг хөндсөн асуудлууд дээр нэгнээ дэмжиж байгааг мөн цохон тэмдэглэсэн байна.

Түүний өгүүлснээр, эрчим хүч, агаар сансрын үйлдвэрлэлийн салбар мөн  тээвэр харилцаа холбооны хөгжил гэсэн стратегийн томоохон төслүүд тогтвортой урагшилж байгаагийн дээр хөдөө аж ахуй, санхүү, шинжлэх ухаан технологи, интернэт худалдааны салбаруудын хамтын ажиллагаа эрчимчиж байгаа гэнэ.

Түүнчлэн Хятад Ороос улсууд олон улсын асуудлууд дээр нягт, үр дүнтэй хамтран ажиллажолон улсын эрхзүй дээр тулгуурласан олон улсын тогтолцоог дэмжин, дэлхий дахины тогтвортой байдал, дэлхийн энх тайван, олон улсын шударга ёсны зарчмыг дэмждэг гэдгийг онцолсон байна.

Энд дуулгахад, 2019 онд БНХАУ болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм. Тэгш ойн жилд, Ши Жинпин дахин сонгогдсноосоо хойш анх удаа Орост төрийн айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцааг  шинэ нөхцөлд хөгжүүлэхэд чухал алхам болно гэж талууд үзэж байгаа.

Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан ёслолын хурал болон хүмүүнлэгийн солилцооны салбарын олон арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ.

Түүнчлэн Ши Жинпин Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцон, үг хэлж, тогтвортой хөгжлийн хүрээн дэх Хятадын байр суурийг илэрхийлэх юм байна. Мөн энэхүү айлчлал нь хоёрт талт харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн асуудлууд дээр нэгэндээ хүчирхэг дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, олон улсын нөхцөл байдал дахь ямар ч өөрчлөлтүүд хоёр талт харилцаанд нөлөөлөхгүй гэдгийг нотолно хэмээн БНХАУ-ын ГХЯ цохон тэмдэглэжээ.