ЗТХЯ-ны албан хаагчдын “Авилга” Дарханы замыг ГАЦААЖ байв уу

ЗТХЯ-ны албан хаагчдын “Авилга” Дарханы замыг ГАЦААЖ байв уу

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг 2019 оны зургадугаар сард эхлүүлж, тус онынхоо арван нэгдүгээр ашиглалтад сард оруулна гэж Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-аас мэдэгдсэн ч энэ ажил хугацаандаа дуусаагүйгээс гадна, замыг шинэчлэх ажил олигтой яваагүй гэлцэж буй.

Тус замын нийт төсөв 60 сая ам доллар бөгөөд үүний 58.5 сая долларыг Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая долларыг буцалтгүй тусламжаар тавьж байгаа юм. Иймд тус авто замд санхүүжилтийн ямар ч саад алга. 

Х.Оргил-Эрдэнэ

-ЗТХЯ-НЫ АВИЛГА ТУС ЗАМЫН АЖЛЫГ УДААШРУУЛЖ БАЙВ УУ-

Харин өнгөрсөн Даваа гараг /2019.12.30/-ийн шөнө  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг нэгэн Хятад иргэний хамтаар хойшлуулшгүй ажиллагаагаар дайчлан баривчилжээ.

Учир нь тэрээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын “Баруун аймгууд руу салдаг уулзвараас 52 даваа хүртэлх авто замыг тавьж байгаа” БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж компанийн Хятад иргэнээс авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх албан бус мэдээлэл байна.

ЗТХЯ-ны албан хаагчдын авилга, албан тушаалын асуудал үүгээр дуусахгүй. Тодруулбал, тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг 2019 оны есдүгээр сарын 9-10 нд шилжих шөнө баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм. Улмаар дээрх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Учир нь саяхан авилгын хэргээр саатуулагдсан Х.Оргил-Эрдэнэ нь Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандын ажлыг түр орлон гүйцэтгэж байжээ. 

-Х.ОРГИЛ-ЭРДЭНИЙН ӨМГӨӨЛӨГЧ ШҮҮГЧЭЭС ТАТГАЛЗЖЭЭ–

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай АТГ-аас 2019 оны Арван хоёрдугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн саналыг хэлэлцэх гэсэн боловч Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна. Уг татгалзлыг үндэстэй эсэх асуудлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийднэ. Одоогоор хариу гараагүй байна.