“Жи тайм”-д хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломжтой боллоо

“Жи тайм”-д хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломжтой боллоо

Хоёрхон жилийн хугацаанд 11 734 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэрэгт Казахстаны иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан түүнийг интерполын болон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган, шалгуулж байгаа ч одоогоор тодорхой үр дүнд хүрээгүй.

Тэгвэл Мөрдөн байцаах албанаас “Жи тайм”-ын хэргийг шалгаж дуусчээ. Улмаар тус хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх мэдээллээ. Тэрбээр “Энэ хэрэгт 580 хавтаст хэрэг нээн шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурортой хамтран шүүхэд шилжүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулж, иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй байсан бол Улсын Дээд шүүхэд санал хүргүүлж, тодорхой журамд өөрчлөлт оруулсан учраас хохирлыг нөхөн төлөх боломжтой болсон” гэлээ. Сонирхуулахад, эл хэрэгт холбогдуулан 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжлээд байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө