"Тэтгэврийн зээл тэглэх" хууль Үндсэн хуулийн цэц дээр унаж, хүчингүй болох уу

"Тэтгэврийн зээл тэглэх" хууль Үндсэн хуулийн цэц дээр унаж, хүчингүй болох уу

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх” тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан. Ингэснээр тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн юм. Иймд тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг өнөөдөр эцэслэн батлах бололтой. 

Тус хууль батлагдсанаар “тэтгэврийн зээл”-тэй иргэдийн зээлийг 6 сая төгрөг хүртэл тэгшитгэж төрөөс барагдуулах бол түүнээс өндөр зээлтэй иргэд зөрүүг нь өөрсдөө цаашид төлөх ажээ. Мөн тэтгэврийн зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн баучер гаргаж өгөх нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдэж байна. 

Харин тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх нь Үндсэн хууль зөрчих, цаашлаад Үндсэн хуулийн цэц дээр хууль унаж, хүчингүй болж болзошгүй байгаа ажээ. 

Учир нь зөвхөн тэтгэврийн зээлийг тэглэх хууль гарч байгаа нь Үндсэн хуулийн 1.2 –д заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байгаа бол, мөн Үндсэн хуулийн 14.2-д заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм байна.

Иймд хэн нэгэн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тохиолдолд Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн гэх  Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх” тухай хууль хүчингүй болж магадгүй юм. 

Сонирхуулахад, өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ахмадын тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр үг хэлэх хүсэлт гаргатал УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ буяны ажлыг хэл амгүй ингэс хийгээд явуулчихвал яасан юм бэ. Үг хэлэх хэрэг байна уу, Буян юм байгаа юм ш дээ” гэж багагүй хөгжөөгөөд авсан юм. 

Тэтгэврийн зээл тэглэхийг та дэмжиж байна уу?

Нийт: 70 саналтай