БАРИМТ: ОХУ-ын Роснефть "Чингис хаан" онгоцны буудлыг ашиглах "хамтарсан компани" байгуулж, 20 жил түлш нийлүүлж, маргааныг Оросын шүүхээр шийдэх хэлэлцээг байгуулжээ

БАРИМТ: ОХУ-ын Роснефть "Чингис хаан" онгоцны буудлыг ашиглах "хамтарсан компани" байгуулж, 20 жил түлш нийлүүлж, маргааныг Оросын шүүхээр шийдэх хэлэлцээг байгуулжээ

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн, Төсвийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ОХУ-аас хамааралтай хоёр ноцтой асуудлыг тус, тус хэлэлцэх гэж байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИНЫ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР УГ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАЙГУУЛЖ, МОНГОЛЫН ТАЛААС Ц.ТУВААН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БӨГӨӨД ЗГ-ЫН ХУРАЛДААНААР ДЭМЖЖЭЭ-

Тодруулбал, "Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр"-ийн төсөл мөн "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг өнөөдөр /2025.04.16/ хэлэлцэх гэж байна. Энэхүү хоёр төлсийг хоёуланг нь Засгийн газраас зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн.

В.Путины байгуулж хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүн таван улсыг л нэгтгэсэн Евразийн эдийн засгийн холбоонд элсэх нь ОХУ-ын шахалт бөгөөд тэд олон улсад хаагдсан бараагаа монголчуудад шахах зорилготой байж болзошгүй нь өнгөрсөн хугацааны мэдээллээс ил болсон. Зөрүүлээд бид ноос, ноолуур хөдөө аж, ахуйн зориулалтай бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэж буй ч экспортын хувьд бидэнд алдагдалтай, Монголын хүнс үйлдвэрлэгчдэд хохиролтойг эдийн засагчид хэлж, анхааруулсаар байгаа. 

Тэгвэл магадгүй ОХУ-ын шахалтаар байж болзошгүй бас нэгэн ноцтой асуудал нэмэгдсэн нь өнөөдрийн байнгын хороогоор хэлэлцэх "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" юм.

Тодруулбал, ОХУ-ын Роснефть компани, Монголын Эрчис ойл  компанитай хамтран Чингис хаан онгоцны буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулахаар болж хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 04-ний өдөр “Асуудал зөвшилцөх тухай” албан бичгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн байна. Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов” гэжээ.

Тус хэлэлцээрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн оны есдүгээр сард Монголд хийсэн айлчлалын үеэр байгуулсан бөгөөд урьдчилсан байдлаар Монголын талаас Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам тодруулбал, Ц.Туваан сайд, Оросын талаас тус улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зуржээ

-ОРОСЫН КОМПАНИ БҮХ ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖ АЖИЛЛАХ ХҮЧЭЭ ОРОСООС ОРУУЛЖ ИРНЭ. МОНГОЛД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖ, ТӨЛБӨРӨӨ ЦАГ ТУХАЙД НЬ АВНА. АСУУДАЛ ГАРВАЛ ОРОСЫН ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛНЭ ГЭЖ ХЭЛЭЛЦЭЭРТ ТУСГАЖЭЭ -

ТУС ХЭЛЭЛЦЭЭРТ, 

  1. Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны цогцолборын дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна
  2. Хамтарсан компани нь “Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
  3. Хамтарсан компанид агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ
  4. “Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлш худалдах /үүнд нийлүүлэх, хадгалах, цэнэгдэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх / үйл ажиллагааг хамтарсан компани хийж гүйцэтгэнэ
  5. Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэх байх асуудлыг хангана
  6. Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад цогцолборыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлийн баримт бичгүүд, лиценз болон бусад баримт бичгийг олгох
  7. Цогцолборын удирдлага, ашиглалт, хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтрэх, гарах, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух, ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  8. Цогцолборыг ашиглах, хөгжүүлэхэд шаардлагатай бараа материал, барилга угсралтын техник болон тоног төхөөрөмжийг Монгол, Оросын улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн хялбарчилсан горимоор оруулах
  9. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдолтой төлбөр, тэр дундаа Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтыг нь хураан авсны нөхөн төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс саадгүй шилжүүлэх
  10. Монголын тал төлбөр тооцоог цаг тухайд нь хийх
  11. Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт орж, татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр нэмэгдэх, гадаадын ажилчдын квот нэмэгдэх эсхүл багасах эсхүл энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш шинэ татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлөр, гадаадын ажилчдын квот шинээр нэвтрүүлэх түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах үед Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад болон эсхүл хамтарсан компанид энэхүү хэлэлцээрээр болон Монгол Улсын хууль тогтоомжоор олгож байсан хөнгөлөлт, давуу эрхийг цуцлах нь энэ зүйлийн зорилгын хүрээнд Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын нөхцөл байдал нь доройтсон гэж үзнэ
  12. Хэрэв маргаан эхэлсэн өдрөөс хойш 2 сарын дотор шийдвэрлэгдэхгүй тохиолдолд талуудын аль нэг талын хүсэлтээр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд түүний холбогдох дүрэм, журмын дагуу шилжүүлнэ
  13. Талууд хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын процедурыгхангасан тухай оролцогч талын сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хойш 20 жилийн хугацаатай хүчин төгөлдөр байна зэргээр тусгажээ.

Өөрөөр хэлбэл, уг хэлэлцээрт ОХУ –ын эрх мэдлийг давуу хамгаалсан бөгөөд манай улс татвар, хураамжийг хэрхэн яаж авах зэрэг мэдээлэл тодорхой тусгагдаагүй байна.  Тус хэлэлцээрээр Роснефть Монголын онгоцны түлшийг хангах нь ингэхдээ өөрсдөө тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ Оросоос оруулж ирж, орос хүнээр удирдуулах аж. Энэ үйл ажиллагаагаа явуулахдаа Монголын талаас татварын бүх төрлийн хөнгөлөлтийг эдлэх бөгөөд оросууд чөлөөтэй орж, гарах нөхцлийг бүрдүүлэхийн мөн хүсчээ.

Хэрвээ маргаан гарвал хоёр сарын дотор ОХУ-ын шүүхээр шийдэхээр хэлэлцээрт тусгасан байна.

Тодорхой асуудлууд нь манай талд ашиггүй ч тодорхойгүй маш олон асуудалтай хэлэлцээрийг өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь. Евразийн холбоотой түр хэлэлцээр хийх, онгоцны түлш нийлүүлэх ажлын дараа Монголын хичээлийн хөтөлбөрт орос хэлний хичээлийг багтаах, III цахилгаан станцын шинэчлэл зэрэг асуудлыг оросууд оруулж ирнэ гэх мэдээлэл ч байна.