ШӨХТГ: Мобиком, Юнивишн, BSB дэлгүүрт торгууль ноогдуулж, хариуцлага тооцлоо

ШӨХТГ: Мобиком, Юнивишн, BSB дэлгүүрт торгууль ноогдуулж, хариуцлага тооцлоо

Өнөөдөр ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам:

Харилцаа холбооны салбарт хийгдсэн хяналт шалгалтуудыг танилцуулъя.

НЭГТ: МОБИКОМ КОРПОРАЦИ

Нэгдүгээр сарын 24-ний өдөр Мобиком корпораци Өдрийн сонин гэх мэт хэвлэлүүд дээр ямар нэгэн багцыг хоёрдугаар сарын 01-ний дотор сонгохыг анхааруулж, сонгохгүй бол өөрсдөө мэдэн аль нэг багцыг сонгож, үйлчилгээ үзүүлнэ гэсэн. Үүний дагуу бид агентлагийн даргын зөвшөөрөлтэйгөөр хяналт шалгалт оруулсан. Ингэхэд нэгдүгээрт, хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бодитой, үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна. Хоёрдугаарт, Мобиком корпорацийн хэрэглэгчидтэй хийж буй гэрээний нөхцөлд хэрэглэгчийн эрхийг дордуулсан байна гэдгийг гаргаж ирсэн. Мөн багц болон үйлчилгээний талаар мэдээллүүдээ хэрэглэгчиддээ хүргэж ажилладаггүй, тодорхой бус байдаг юм байна, гэрээнд санал гаргаж буй талын заалт илүү байдаг юм байна гэдэг нь тодорхой болсон тул Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

ХОЁРДУГААРТ: BSB

Худалдан авсан бараа баталгаат хугацааны дотор эвдэрсэн тул буцаахыг хүссэн тухай өргөдөл ирсэн. Үүний дагуу Зөрчлийн хэрэг нээн, хөндлөнгийн шинжээч оруулсан. Ингэхэд ашиглах заавраа Монгол хэлээр иргэдэд хүргэдэггүй. Зөвхөн BSB биш электрон барааны нийтлэг дутагдал. Үүнээс болж иргэд хохирдог. Хохирлоо нөхөн төлүүлэх гэхээр гадны нөлөөтэй гэж үзэн төлж өгөхөөс татгалздаг байна. Үүнийг Монгол хэлний тухай хууль болон Хэрэглэгчдийн тухай хуулийн дагуу зөрчил мөн гэж үзэн шалгасан.

ГУРАВДУГААРТ: ЮНИВИШН

Нэгдүгээр сараас эхлээд нөхөж үзэх үйлчилгээний хураамжийг 5000 төгрөг болгосон. Энэ үйлчилгээг сольж буйгаа Зууны мэдээ сонин дээр хоёр удаа нийтэлж, танилцуулсан гэх гомдол гарсан.

Гомдлын дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн нөхцөл байдлыг тодруулсан. Ингэхэд бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээллээ хэрэглэгчдэд үнэн зөв өгч ажиллаагүй юм байна гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Иймээс энэ байдлаа таслан зогсоохыг шаардаж таван сая төгрөгөөр торгосон.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ