АСЕМ-ийн зардлаас 79.9 тэрбум төгрөг шамшигдуулсан 17 албан тушаалтныг илрүүлжээ

АСЕМ-ийн зардлаас 79.9 тэрбум төгрөг шамшигдуулсан 17 албан тушаалтныг илрүүлжээ

АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, санхүүгийн зардалд хийсэн Үндэсний аудитын дүгнэлтийг танилцууллаа.

Аудитын дүгнэлтийн талаар Монгол УЛсын Ерөнхий Аудиторын орлогч С.Оюунбилэг, “АСЕМ зохион байгуулсан төсвийн зарцуулалтыг хийсэн төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээдэд шалгалт хийлээ. Үүний үр дүнд 163.6 сая төгрөгийн акт, 151.8 тэрбум төгрөгийн албан шаардлага өгч, 79.9 тэрбум төгрөгийн зарцуулалттай 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах, 290.9 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлүүлж, Засгийн газар, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Нийслэлийн засаг дарга, Хөгжлийн банкинд нийт 12 зөвлөмж өглөө” гэжээ.

АСЕМ-д зориулан “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон Энхтайвны хонх хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу, ажил хүлээлцсэн акт баримт дутуу, уг хөшөөг хамгаалах эзэнгүй байгаа аж.

Мөн бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлэн 981.4 сая төгрөг зарцуулсан нь тогтоогдсон байна. Тухайлбал, дээд хэмжээний уулзалтад оролцсон төлөөлөгчид 55 ширхэг эмээл, хазаар бэлэглэсэн ба АСЕМ-ын зочдод хүн тус бүрт 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ.