“Өртөг хянах” ёстой А.Тлейхан дарга “Үнэ тогтоож” Шарын голын уурхайг дампууруулж байна уу

“Өртөг хянах” ёстой А.Тлейхан дарга “Үнэ тогтоож” Шарын голын уурхайг дампууруулж байна уу

Манай орны хойд бүс болох Эрдэнэт, Дарханыг 55 жилийн турш нүүрсээр хангаж, галаар таслалгүй өнөөдрийг хүргэсэн Шарын голын уурхай санхүүгийн хүнд байдалд орж хаалгаа хаахад хүрээд байгаа талаар өчигдөр уурхайчдын төлөөлөл мэдээлэл хийсэн. 

-АСУУДАЛ ЭНДЭЭС ЭХЛЭЛТЭЙ АЖЭЭ-

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Шарын гол” ХК-ийн нийлүүлж буй 1 тонн нүүрсний үнийг 40,500 төгрөг байхаар хатуу тогтоож өгчээ. А.Тлейхан даргын гарын үсэгтэй уг тогтоол хэрэгжиж эхэлсэн цагаас Шарын голын уурхайн үйл ажиллагаа доголдож өнөөдрийн байдлаар 40 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна гэж уурхайчид мэдээлсэн.

Товчхондоо тус уурхай 1 тонн нүүрсийг 46,000 төгрөгөөр олборлож буй мөртлөө олборлож байгаа үнээсээ 5,500 төгрөгийн бага үнээр буюу 40,500 төгрөгөөр төрийн компаниудад өгч байгаа ажээ.

Тиймээс тус уурхайнхан өнгөрсөн хугацаанд дээрх бодит байдлаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт удаа дараа хэлж, учирлаж асуудлыг шийдэж өгөхийг хүссэн ч харамсалтай нь хариу өгөөгүй өнөөдрийг хүргэжээ. 

-ӨРТӨГ ХЯНАХ ҮҮРЭГТЭЙ А.ТЛЕЙХАН ДАРГА ҮНЭ ТОГТООЖ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ-

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж Шарын голын уурхайн нүүрсний нийлүүлэлтийн үнийг тогтоосон байж болзошгүй байгаа юм. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-т “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг батлах, тооцоог хянах бүрэн эрхтэй” гэж заасан байна. 

Тодруулбал, Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний үнийг хэрхэн тогтоох талаар аргачлалыг батлах, энэхүү аргачлалын дагуу түлшний үнийг үнэн зөв тооцоолсон эсэхийг нягтлан хянах л үүрэгтэй байх атал энэ үнээр “Эрдэнэт” үйлдвэр зэрэг төрийн өмчит компаниудад нүүрсээ зар гэж уурхайнуудад тулгаж байгаа хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

-ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД “ШАХАА” ХИЙДЭГ ДАРГЫН “БООЛ” УУРХАЙЧИД БИШ БАЙЛТАЙ-

Өнөөдөр Налайх дүүрэгт нэг тонн нүүрс 150 мянган төгрөг, Эрдэнэс Тавантолгой ТӨХК нэг тонн нүүрсээ 73 ам.долларт борлуулж байна. Гэтэл Шарын голын уурхайг нэг тонн нүүрсээ 40 мянган төгрөгөөр “Эрдэнэт үйлдвэр” зэрэг төрийн компаниуддаа худалд гэж төр үүрэг өгч байгаа талаар уурхайчид өчигдөр мэдээлсэн. 

2019 онд Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллаж, зөвхөн Орхон аймгийн төсөвт л гэхэд 688 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж өгчээ. Үүнийг цаана Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг дарга нарын ашгийг төсөөлөхийн биш. Гэтэл Эрдэнэт үйлдвэр А.Тлейхан даргын тогтоосон үнээр буюу 40,500 төгрөгөөр Шарын голын уурхайн нүүрсийг хэрэглэж, тус уурхай өнөөдөр дампуурлын ирмэгт ирээд байгаа ажээ. 

Ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд төр урт гараа хувийн компанийн үйл ажиллагаа руу оруулж, бүтээгдэхүүний үнийг нь хямдаар тогтоож, тэр үнээрээ өөрсдөө худалдан авалт хийж хувийн хэвшлийг дампууруулж, олон зуун ажилтанг ажил, амьдралгүй хүнд нөхцөл байдалд оруулж буй энэхүү үйлдлийг Засгийн газар анхааралдаа авч даруйхан засах шаардлага бий болоод байна. Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Шарын голын уурхай хаагдаж, Орхон, Дархан-Уул аймгуудын дулаан тасалдах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө