Хуулийн төсөл батлагдвал “Приус” автомашиныг 2021 оноос Монголд явуулахгүй

Хуулийн төсөл батлагдвал “Приус” автомашиныг 2021 оноос Монголд явуулахгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн билээ. Өнгөрөгч Баасан гарагт төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулсан.

Хуулийн төсөл батлагдсанаар автотээврийн салбарын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн, иргэдэд аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, тээврийн төрлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, тээврийн дэд бүтэц, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэх, стандартын шаардлага хангасан автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, автотээврийн салбарын хяналтыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохицуулалттай болно гэж үзэж буй.

Энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хориглож, урт хугацаанд хэрэглээнээс халах бодлогыг баримталж байгаа юм. Мөн баруун талдаа жолооны хүрдтэй машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай заалт оруулж ирсэн. Учир нь, зам тээврийн осолд өртөж буй тээврийн хэрэгслийн 72.1 хувь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байгаа аж.

Иймд хэрвээ энэ хууль батлагдвал 2021 оноос баруун талдаа жолооны хүрдтэй буюу ард түмний унаа гэгддэг “Приус” машины импортыг хориглож, шинээр оруулж ирэхийг зогсооно. Монгол Улсын хэмжээнд 970.880 тээврийн хэрэгсэл байгаагаас 60 хувь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл эзэлж байна.

Засгийн газраас өргөн барьсан “Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгажээ.

23.7.Дараах авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно:

23.7.1.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаагүй;

23.7.2.баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгсэл;

23.7.3.зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэлт хийгээгүй, албан татвар төлөөгүй;

23.7.4.тухайн авто тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичгээс зөрсөн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн.

хэмээн заажээ. Ямартай ч УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлэх үед энэхүү зохицуулалт нь багагүй маргаан дагуулаад байгаа билээ. Харин салбарын сайд нь Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэхдээ, “Манай яам энэ өөрчлөлтийг хийх цаг нь биш гэж үзэж байгаа. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн 20 гаруй хүний дундаас баруун гар талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох санал гарсан. Яамны зүгээс “Энэ саналаа хас” гэсэн. Яг нарийндаа баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машин осол гарахад хамгийн их нөлөөлж байна гэсэн судалгаа байхгүй. Нөгөөтэйгүүр баруун гар талдаа жолооны хүрдтэй буюу Япон машин чанартай илүү гэсэн хэрэглэгчдийн судалгаа байдаг. Одоо иргэдийн унаж байгаа машины ихэнх нь Япон машин. Ялангуяа шатахуун бага зарцуулдаг Приус маркийн машин олон байгаа. Тиймээс энэ хэрэглээг хориглох санал санаачилга одоогоор Засгийн газарт байхгүй. Ард түмний амьжиргаа муу байна. Ард түмний гол унаа болсон приус машиныг буруу рультэй учраас татаж авна гэдэг асуудал байж таарахгүй. Тийм учраас энэ заалтыг татаж авна” хэмээн өнгөрөгч сарын 02-ны өдөр ярьсан байдаг юм.

Приус автомашиныг Монголд хориглох хуулийн төслийн та дэмжиж байна уу?

Нийт: 101 саналтай