Хятад эмэгтэйд тусалж олны талархлыг хүлээсэн Б.Нурболаттай ярилцлаа

Хятад эмэгтэйд тусалж олны талархлыг хүлээсэн Б.Нурболаттай ярилцлаа

Хятад хүн, хятадууд.... Энэ үгэнд хүмүүс төдийлөн таатай ханддаггүй. Харин саяхан /2020.01.21/ БНХАУ-ын Жинан хотын нэгэн гудамжинд өвчтэй хүүхдэдээ зориулж эмчилгээний зардал гуйж суугаа хятад эмэгтэйд тусалж буй Монгол залуугийн бичлэг цахим орчинд олон нийтийн талархлыг хүлээсэн юм. Нийгмийн хэвшмэл хандлагыг өөрчилж, өвчин хэнийг ч ялгадаггүй гэдгийг батлан харуулсан сайхан сэтгэлт залууг Б.Нурболат гэдэг. Тэрээр одоо БНХАУ-ын Жинан хотод эхнэрийн хамт өөрийн хүү Н.Мейрамыг эмчлүүлж байна. Бид түүнтэй утсаар холбогдон ярилцлаа.

-ХҮҮ МИНЬ НҮДНИЙ ХАВДРАА БНХАУ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-

-Сайн байна уу. Таны хүү Н.Мейрам БНХАУ-д эмчлүүлж байгаа гэсэн. Хүүгийн тань биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Миний хүү Мейрам одоо хоёр настай. 2019.10.14-нд  Ретиноблестома /Retinoblastoma/ буюу нүдний хорт хавдартай гэж оношлогдсон. Монгол улсад энэ төрлийн хавдраар өвдсөн тохиолдол цөөн тохиолддог тул туршлага дутмаг санагдсан. Тиймээс бид гадаад орнууд руу хүүгийнхээ MRI зургийг явуулсан. Маш олон газраас хариу ирсэн ч эмчилгээний зардал их үнэтэй буюу 140 гаруй сая төгрөг болно гэсэн тул бид арга  мухардан хандивын аян өрнүүлэхээр шийдэж “Сониучхан бяцхан хүүд минь солонгон өнгөтэй ирээдүй бэлэглээч”  гэсэн хуудсыг фейсбүүкт нээсэн. Ингээд Монголын ард иргэд, аав ээж, төрөл төрөгсөд маань бүх чадлаараа туслан 47 сая төгрөг цуглуулж чадсан. Энэ хооронд Америк руу явуулсан шинжилгээний хариу ирж бидэнд Бээжингийн Хүүхдийн Эмнэлгийн Хавдрын мэргэшсэн эмч Жао Жун Янд хандахыг зөвлөсөн. Үүний дараа буюу өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 3-нд бид Бээжинд ирсэн.

-Эмчилгээний үр дүн хэрхэн гарч байна?

-Одоо миний хүү энэ эмчийн удирдлаган дор их үр дүнтэй эмчлүүлж байна. Хоёр нүдний хорт хавдрыг бүрэн авсан. Баруун нүдний хувьд хараа орох магадлал байна гэж хэлсэн болохоор үнэхээр баяртай байгаа.

-Нялх хүүхдээ тэвэрсэн Хятад бүсгүйд тусалж буй таны бичлэг цахим орчинд хурдтай тарж байна.Энэ өдөр чухам ямар үйл явдал болов?

-Эхнэр бид хоёр хүүгийнхээ химийн эмчилгээний цагийг авчихаад салхилуулж яваад таарсан. Хүүхэд нь нэг ой таван сар гарантай юм шиг л харагдсан. Хэцүү үед хамгийн чухал, хэрэгтэй зүйл бол эд материалаас илүү хайр, халамж байдаг юм билээ. Манай гэр бүл хүүгээ өвдсөн өдрөөс хойш таних, танихгүй олон хүний урмын үгсээр тэжээгдэж явна. Бид тэднийхээ хайргүйгээр, итгэл найдвар төрүүлсэн сайхан үггүйгээр сэтгэлдээ шаналан юу ч хийж чадахгүй суух байсан. Тиймдээ ч тэр гэр бүлийг хараад үнэхээр сэтгэл өвдсөн. Тэдний зовлонг дэндүү ихээр ойлгож байгаагаа харуулахыг, мэдрүүлэхийг хүссэн.

“ХЯТАДААР ЯРЬЖ ЧАДДАГСАН БОЛ ЯВЖ ОЧООД САЙХАН ҮГ ХЭЛЖ, УРАМ ХАЙРЛАХЫГ
ХҮССЭН Ч ЧАДАХГҮЙ УЧРААС ЧАДДАГ ЗҮЙЛЭЭРЭЭ ТУСЛАХЫГ ХҮССЭН ЮМАА”

-Бүсгүйд тусалсны дараа тухайн хятад гэр бүл хэрхэн хүлээж авсан бэ?

-Толгой дохиод Хятадаар “баярлалаа” гээд зөндөө давтаж хэлээд байсан. Би хариуд нь “зүгээрээ, охин нь хурдан эдгэрэг” гээд Монголоор хэлсэн. Тэр харцнаас нь харахад нь маш их баярласан нь мэдрэгдсэн. Энэ бичлэг олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж байгаад баяртай байна.

-Та их чадварлаг дуулж байсан?

-Би 2012 онд СУИС-ийг эстрадын дуучин мэргэжлээр төгссөн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг. Манай эхнэр Тояа хүүхэд хөгжлийн академийн Соробан сампингийн баруун тархи хөгжүүлэх сургалтын Мандал сумыг хариуцсан багш.

-Танай гэр бүл Хятадын хаана байрлаж байна?

-Бид Бээжинд байхдаа буудалд байрлаж байсан. Бээжингийн хүүхдийн эмнэлэг ачаалал ихтэй учраас хэвтэж эмчлүүлээгүй. Дандаа буудлаасаа очиж эмчлүүлж байсан. Жинаны хувьд гадаад оюутны дотуур байранд байрлаж байгаа. Бидний орчуулагч монгол оюутан их тус болж байна.

-Одоо хүүд нь ямар эмчилгээ хийхээр төлөвлөгдөж байна?

-Хүүд маань хоёрдугаар сарын 20-нд лазер эмчилгээ чеморадаакшион /chemoreduction/ буюу хавдрын тархалтыг зогсоох тариаг нүдэнд хийнэ гэж хэлсэн. Мөн химийн эмчилгээтэй. Энэ эмнэлэг улсын эмнэлэг болохоор урьдчилж мөнгө авдаггүй. Эмчилгээ дууссаны дараа төлбөрөө авдаг.

-Тантай адилхан хүүхдийнхээ өвчний төлөө тэмцэж буй олон эцэг, эхчүүд бий. Тэдэнд хандан юу гэж хэлэх вэ?

-Эхнэр бид хоёр хүүгийнхээ өвчнийг мэдээд хорт хавдрын тухай нэгэн Япон эмчийн лекцийг олж үзсэн. Түүн дээр “Хорт хавдар бол эмчлэгддэг өвчин. Харин та эмчилж чадахгүй, боломжгүй гэж байгаа эмч дээр биш, би чадна, боломжтой гэж хэлж чадах эмч дээр очоорой” гэж хэлдэг. Бид хоёр яг ийм эмчийг л хайсан. Үнэндээ, манай засаг төр эрүүл мэндийн салбарын шинэ тоног, төхөөрөмж эмчийн ур чадвар, гадаадад мэргэжил дээшлүүлэх талыг орхигдуулж байгаа юм шиг. Мөн гадаадад эмчилгээнд явж байгаа иргэддээ санхүүгийн туслалцаа олгох тогтолцоогоо шинэчлээсэй. ЭМЯ хуулиа эргээд нэг хараасай. Нүдний хорт хавдрыг Монголд эмчилдэг болохоор гадаад явсан бол тусламж үзүүлэхгүй гэж заадаг юм билээ. 

Хүн бүр амьд үлдэхийн тулд, эрүүл болохын тулд боломжийг хайж, мөнгө төгрөгөө чадан ядан цуглуулж гадаадыг зорьж байна. 

Гэтэл ийм үед туслалцаа байдаггүй нь үнэхээр хүнд санагдсан. Сүүлд нь хэлэхэд, монгол хүн бүр тэр тусмаа бүх хүүхэд эрүүл энх байж ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ихийг хийж бүтээгээсэй. Өнгөрсөн бүх хугацаанд бидэнтэй хамт байж, халуун сэтгэлээсээ тусалж байсан бүх монголчууддаа хязгааргүй их баярлалаа.

Амьдрал бидэнд олон өнгийг харуулдаг. Аз жаргалтай, хүнд хэцүү гээд бидний амьдралын хуудас өнгө, өнгөөр солигдоно. Гэвч хүн гэдэг би, биендээ хэлсэн урмын үгс, хийсэн жижигхэн ч болов үйлдлээрээ амьдрах, тэмцэх их хүчийг олж авдаг юм шиг. “Жаргалыг хуваалцаж байж нэмдэг, зовлонг хуваалцаж байж хугасалдаг” хэмээх үг бий. Тиймээс Монголын нэгэн гэр бүл, эгэл жирийн аав хүн, сайхан сэтгэлт залууд чин сэтгэлээсээ тусалцгаая. Хандивын аян үргэлжилсээр байна. Та бүхний хийсэн бяцхан тус, урмын үгс түүнд сэтгэлийн их хүч болон очих биз ээ.

Н.АНУ