Ухань хотод хөл хорионд байгаа Монголын оюутан А.Золбоотой ярилцлаа

Ухань хотод хөл хорионд байгаа Монголын оюутан А.Золбоотой ярилцлаа

БНХАУ-д дэгдсэн коронавирусын халдвар нь нийт 20 орчим оронд тархаад байна. Өдрөөс өдөрт эрчимтэй тархаж буй тус халдварын голомт болох  Ухань хотод манай улсын 31 иргэн одоогоор бий. Засгийн газраас тус иргэдийг  эх оронд нь авчрахаар шуурхай ажиллаж буй бөгөөд Хятадын талаас зөвшөөрвөл МИАТ-ын онгоцыг нисгэж авчрах төлөвлөгөөтэй байгаа юм.

Ингээд бид Ухань хот дахь 31 оюутны нэг А.Золбоотой ярилцлаа.

-БИДЭНД 7 ХОНОГИЙН ХООЛ, ГУРВАН ӨДРИЙН
УСНЫ НӨӨЦ Л БАЙНА-

-Сайн байна уу. Ухань хотод одоогоор 30 гаруй оюутан байна гэх мэдээлэл байна. Та бүхэн яажшуухан байна даа?

-Сайн байна уу. Яг өнөөдрийн байдлаар Ухань хотод 31 монгол оюутан, нэг бага насны хүүхэд байна. Бидний 31 оюутан тус, тусын сургуульд буюу найман өөр сургуулийн гадаад оюутны дотуур байранд  байрлаж байна. Ухань хотод нөхцөл байдал хүндэрч хөл хорио тогтоож эхэлсэн нэгдүгээр сарын 22-ны өдрөөс хойш монгол оюутнууд нэгдсэн зохион байгуулалтанд орж хоорондоо тогтмол холбоотой байгаа.

-Одоогоор Ухань хотын нөхцөл байдал ямар байна.  Маскны олдоц муу байхын зэрэгцээ хоол хүнсний хомсдолд орсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн коронавирус нь хүнээс хүнд дамжин халдварлагддаг нь тодорхой болсон. Нэгдүгээр сарын 20, 21-ны өдрөөс хойш бидний оюутнууд байрнаасаа огт гараагүй. Эмийн сангуудад маск дууссан байсан. Эмнэлгүүдэд ч маск олдохгүй байна. Ухань хотод хөл хорио тогтоож, онц байдал зарласан. Мөн бүх олон нийтийн үйл ажиллагааг цуцалсан. Бид өөрсдийн эрүүл мэндийг бодож амь насанд аюултай өвчнөөс өөрсдийгөө урьдчилан сэргийлэхийн тулд гадагш огт гарахгүй байгаа. Тиймээс одоогоор эмийн сангууд болоод эмнэлгүүд ямар байдалтай байгааг сайн мэдэхгүй байна. Энд үлдсэн бүх улсын гадаад оюутан бидэнтэй ижил огт гадуур гарахгүй байна.

-Ухань хотод мэдээж хөл, хөдөлгөөн багассан байх?

-Мэдээж багассан. Дуудлагын такси үйлчилгээ болоод бүх нийтийн тээврийн үйлчилгээ зогссон. Албан байгууллагууд амарсан. Үүнээс үүдээд гудамжинд хөл, хөдөлгөөн маш бага байна.

-Өрөөндөө хэдүүлээ байгаа вэ. Хоол хүнсээ хэрхэн базааж байна?

-Оюутнууд өрөөндөө нэг эсвэл хоёроороо байрладаг. Одоо хичээл амарч олон оюутан нутаг буцсан тул үлдсэн ихэнхи оюутан өрөөндөө ганцаараа байгаа. Оюутны дотуур байрны өрөөнд хоол хийж идэхийг хориглодог. Сургуулийн оюутны хоолны газарт өдөрт хоёр удаа хооллодог. Харин өвчин гарсантай холбогдуулан сургуулийн оюутны хоолны газраас эхлээд бүх газар ажиллахгүй байгаа тул тэдгээр оюутнууд хэцүү нөхцөл байдалд байна. Бидний хувьд дунджаар 2-7 хоногийн хоолны нөөц, гурван хоногийн ундны цэвэр усны нөөцтөй байгаа учраас хэмнэлтийн зарчмаар хэрэглэж байна.

-Гурван хоногийн ундны ус гэхээр яг хэр хэмжээтэй гэж ойлгож болох вэ?

-Бид крантнаас ус уудаггүй. Уух усаа 19 литрийн савлагаатайгаар худалдаж авдаг. Харин өнгөрсөн долоо хоногт зарагддаг ус тасраад ирээгүй тул худалдаж авч чадаагүй. Өмнө нь худалдаж аваад нөөцөлсөн байсан усаа ууж байна. Маргааш, нөгөөдрөөс ус зарагдаж эхлэх байх. Яг одоогоор гурван хоногийн усны нөөц буюу 15 литр устай байна.

-Ар гэрийхэнтэйгээ хэр холбоотой байна. Мэдээж санаа нь их зовж байгаа байх?

-Энд 17-25 орчим насны оюутан хүүхдүүд байгаа учраас ар гэрийнхнийх нь хувьд их санаа нь зовж байгаа.

-НААДАЖ, НАРГИЖ АМАРЧ ЗУГААЛЖ ЯВААД БУС СУРЧ БОЛОВСОРЧ
ЯВААД ХҮНИЙ ГАЗАР АЮУЛТ ӨВЧНИЙ ГОЛОМТОД ХӨЛ ХОРИОНД
ОРЧИХСОН БОЛОХООР АР ГЭРИЙНХЭН НЬ Ч, ОЮУТНУУД Ч
ӨӨРСДӨӨ ИХ ТҮГШҮҮРТЭЙ БАЙГАА БАЙХ-

Солонгос, Япон, АНУ, Франц, Герман, Польш зэрэг улсын оюутныг Засгийн газрынх  нь зүгээс тусгай онгоцоор авахаар Хятадын Засгийн Газартай хэлэлцэж байна. Биднийг ч мөн адил Монгол Улсын Засгийн Газар анхаарч ажиллаж байгаад баяртай байна.

-Хүмүүсийн зүгээс хэр хандлагатай байна. Сошиолд та бүхний талаар хүмүүс их маргаантай байна л даа?

Хүмүүс ийм аюултай нөхцөл байдал үүсэж, өвчин хүндрэхээс өмнө Монгол руугаа буцахгүй яасан юм гэж их асууж байна. Тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд, Уханьд үлдсэн 32 оюутны зарим нь буюу хэлний бэлтгэлийн оюутнуудын хувьд хичээл нь 2020 оны нэгдүгээр сарын 17-нд амарсан. Доктор, мастерын судалгаа хийж байгаа оюутнуудын хувьд удирдагч багштайгаа уулзаж судалгааны ажлын явцаа шалгуулсаар нэгдүгээр сарын 20-ны хавьцаа судалгааны ажил нь завсарлаж, өвлийн амралт нь эхэлсэн. Энэ сарын 25-аас Хятадын цагаан сарын тав хоног эхэлж байгаа бөгөөд энэ үеэр сая гаруй тооны хятадууд нэг хотоос нөгөө хотруу шилжилт хөдөлгөөн хийдэг. Тиймээс Цагаан сарын үеэр буюу нэгдүгээр сарын 15-аас нэгдүгээр сарын30-ны хооронд бүх Хятад даяар онгоц, вагон, автобус гээд бүх тээврийн хэрэгслийн тасалбар маш олдоц муутай байдаг.Урьдчилж захиалъя гэсэн ч аль гурван сарын өмнөөс тасалбарууд дууссан байдаг.

Уханьд үлдсэн байгаа оюутнуудын ихэнхи нь Хятадын цагаан сараас шалтгаалан онгоц, галт тэрэгний билетний хомсдолоос үүдэж нэгдүгээр сарын   25-аас хойш Монголруугаа буцах билетээ захиалсан оюутнууд байсан.

Мөн 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Хятадын телевиз, хэвлэлүүдээр коронавирус нь зөвхөн анхны үүсгэгч амьтнаасаа хүнд халдварладаг тул аюул бага гэж  мэдээлж байсан тул бид ч дотроо бодит аюулийг багаар төсөөлж, нөхцөл байдлыг өөрөөр үнэлж байсан. Гэтэл нэгдүгээр сарын 22-ны өглөө гэнэтхэн Ухань хотод хөл хорио тогтоож 11 сая хүнийг онц байдалд  хөл хорионд оруулсан.  Өвчний тархац нэг өдрийн дотор хэдэн зуугаар нэмэгдэж эхэлсэн. Нас барагсад нь ч нэмэгдэж эхэлсэн.

-Таны хувьд Ухань хотод хэзээнээс суралцаж эхэлсэн бэ?

Би 2016 оны намраас Ухань хотын “Төв Хятадын багшийн их сургууль”-д олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг горилон суралцаж байна. Сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Энд дэлхийн 80 гаруй улсын оюутан суралцдаг.  

Сүүлд нь хүмүүст хандаж хэлэхэд: Юм болгон харагдаж, сонсогдож байгаа шигээ биш байдаг юм шүү . Бид адилхан л Монгол улсын иргэд. Энэ дэлхийн хаана ч өвчин, гамшиг гэдэг хэлж биш хийсэж ирдэг тул Монголчууд минь хүн чанараа хэзээ ч битгий гээгээрэй.

Бид мөн Хөх хотод сурч байгаад амралтаараа ирсэн нэгэн оюутнаас нөхцөл байдлыг нь тодруулсан юм. 

-ТЭНД ПАСПОРТГҮЙГЭЭСЭЭ БОЛООД НУТАГТАА ИРЖ
ЧАДААГҮЙ ҮЛДСЭН ОЮУТНУУД БАЙГАА-

-Хэзээ Хөх хотоос ирсэн бэ. Тэр үед нөхцөл байдал ямар байв?

-Би арван хоёрдугаар сарын 30-нд Монголд ирсэн. Намайг явах үед тэнд хулгана хижиг гарсан гээд бас хилийг чангаруулсан байсан.

-Одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл байна уу?

Сүүлийн мэдээллээр Хөх хотод дөрвөн хүн тус вирусээр халдварласан. Хот хоорондын хил чангарсан байна. Гол нь тэнд паспортгүй оюутнууд байгаа тул эх орондоо ирж чадахгүй байгаа. Тэднийг элчин сайдын яамтай ярилцаж паспортыг нь олгоод, эх оронд нь авчирмаар байна. Тэндхийн оюутнуудийн мөнгөн хангамжийг нь зогсоосон бас Хөх хотын хүнсний нөөц дуусах боломжтой гэж сургуулийн групп дээр мэдээллэсэн байсан.

-Таны мэдэж буйгаар тэнд хэдэн оюутан байгаа вэ. Яагаад паспортгүй болсон юм бол?

Зургаа, долоон оюутан бий. Тэнд хэрэгт холбогдоод Засгийн газар нь хураагаад авчихсан. Тодорхой хэмжээний хугацаа өнгөрөөд буцааж өгөх ёстой боловч өгөөгүй байгаа.

-Тэр хүүхдүүдийн эцэг, эх нь нөхцөл байдлыг нь мэдэж байгаа байх. Энэ талаар хөөцөлдөж байгаа болов уу?

Их хөөцөлдөж байгаа. Хөөцөлдөөд дийлээгүй. Хятад зогсоосон.

Н.АНУ




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө