ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР: Шаардлага хангаагүй НӨАТ-ын гүйлгээг хүчингүй болгосон

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР: Шаардлага хангаагүй НӨАТ-ын гүйлгээг хүчингүй болгосон

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголттой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдөр  өглөө зарим иргэдийн 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс 30-50 хувь нь хасагдсан байсан.

Уг хасагдсан мөнгөний талаар "Бүх хүний мөнгө хасагдаагүй. 900 гаруй хүний л асуудал бий. Сэжигтэй гүйлгээнүүдийг буцаан хассан учраас ийнхүү мөнгө хасагдсан" гэх тайлбарыг өгөв. 

ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал "Хуулийг хэрэгжүүлэхдээ Сангийн сайдын баталсан журмыг баримталдаг. ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож, хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалт байгаа. Сугалаан дээр мөн адил тохирлын дараа шаардлага хангаагүй гэж үзвэл тохирлын урамшууллыг буцаадаг" гэлээ. 

ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан "Систем автоматаар ажиллаж байгаа. Яаж ч бодсон иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн худалдан авалт хийх боломжгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлт дээр бид давхар хянаад зарим хүний аккаунтыг шалгаж байгаа төлөвөөс буцаан олгох төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний аккаунт л шалгаж байна төлөвтэй байгаа" гэлээ.

2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон байна.

2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон байна.