ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА: Монголчуудын бүтээсэн анхны машин “МОЗО” 59 сая төгрөгөөр зарагдана

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА: Монголчуудын бүтээсэн анхны машин “МОЗО” 59 сая төгрөгөөр зарагдана

-ЭХНИЙ 100 ХУДАЛДАН АВАГЧДАДАА ЭД АНГИ, СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН
5 ЖИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ-

Монголчуудын бүтээсэн анхны машин “МОЗО”-г танилцуулах албан ёсны үйл ажиллагаа өчигдөр /2020.02.02/ боллоо. Танилцуулах үйл ажиллагаанд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, “Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Дэмбэрэл, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, “Агт авто” ХХ-ийн захирал Б.Одончимэг, “Аuto Hub” ХХК-ийн захирал П.Ганзориг нарын хүмүүс оролцож бүтээгдэхүүний танилцуулга мэдээллийг олон нийтэд өглөө.

“Барс Моторс” ХХК өөрсдийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Ханжоу хотод автомашин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулж тэндээ  Монголын оюунлаг зон олон буюу “МОЗО” нэртэй цахилгаан мотортой машиныг бүтээсэн нь ийнхүү өчигдөр олон нийтэд танилцуулагдсан юм.

“Барс Моторс” ХХК-ийн захирал Д.Дэмбэрэл  энэ үеэр“20 дугаар зуунд Герман, АНУ, Япон улс автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлж ирсэн. Мэдээж мотор сайтай бол чанартай машин гэж үзнэ. Гэтэл улс орнууд  2-3 жилийн өмнөөс цахилгаан мотортой машин үйлдвэрлэж эхэлсэн. Ингэснээр хөгжиж буй орнуудад машин угсралтын технологи үнэгүй шахам ирсэн. Эдийн засгийн зүгээс нь аваад үзвэл монголчууд асар их мөнгийг импортын машинд гадагш урсгаж байна. Тиймээс бид технологийг нь мэдсэн учраас дотооддоо машин угсрах ажлыг эхлүүлсэн. Цаашид бүс нутагтаа машин үйлдвэрлэлийн салбарт гарах зорилготой байна” гэлээ.

МОЗО нь манай орны эрс тэс уур амьсгал, монголчуудын хэрэглээнд бүрэн зохицох  эсэх, өнгө үзэмж, шатахуун зарцуулалт, эд ангийн чанар зэргийг шалгах тестүүд яг одоогоор манай улсад хийгдэж  байна.

Тест амжилттай болсон бөгөөд тун удахгүй буюу 2020 ондоо багтан машин худалдаанд гарч эхлэх юм. Анхны автомашин “МОЗО” нь  дунд оврын жийп бөгөөд үнэ ханшийн хувьд монголчуудын ахуй нөхцөл, санхүүгийн боломжинд тулгуурлан 59 сая төгрөгөөр худалдаанд гарах аж.

Тансаг зэрэглэлийн дунд оврын жийп “МОЗО” машин нь 1.5 мотортой шатахуун зарцуулалт хамгийн бага байна гэж “Барс” моторсын захирал Д.Дэмбэрэл хэллээ. Өвлийн улиралд хот дотор 100 км тутамд 10 литр, зуны цагт хурдны замд зургаан литрыг зарцуулах юм  байна.

-ТУРБО ХӨДӨЛГҮҮРТЭЙ МОЗО МАШИН НЬ 1.5 МОТОРТОЙ-

Гэхдээ Турбо хөдөлгүүртэй учир бартаат зам болон дөрвөн улирлын аль ч нөхцөлд явахад тохиромжтой гэдээ. Машины хамар хэсгийг хамгийн чанартай ган төмрөөр хийж өгсөн байна. Обудад “Барс моторс”-ын логотой төмөр хийц суурилуулж өгчээ. Тус машины бас нэгэн давуу тал нь хойд талын зорчигчдын тав тухыг хангаж маш том зайтай бүтээжээ.

Мөн явах эд анги, хөдөлгүүрийн битүүмжлэл маш сайн, холын гэрлийн тусгалт сайн, зөв талдаа рультэй юм. “Барс Моторс” ХХК-ийн зүгээс эхний 100 худалдан авагч, хэрэглэгчиддээ эд ангийн сэлбэгийн таван жилийн баталгаа өгөхөөр бэлтгэжээ. Мөн машинаа 10 жил унаад буцаагаад “Барс Моторс” ХХК-д зарж, оронд нь цахилгаан хөдөлгүүртэй жижиг тэрэг авч болох аж. 

20 орны машины үйлдвэртэй зэрэгцэн байгуулсан үйлдвэрээ өргөжүүлж Монголд нээх ажил 2020 онд ажил хэрэг болно гэж “Барс моторс” ХХК-ийнхэн хэллээ.

ЗӨВХӨН УГ МАШИНД СУУРИЛУУЛАХ ХӨГЖМИЙГ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ ЗОХИОЖ ӨГНӨ гэж өчигдрийн үйл ажиллагааны үеэр мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Р.Амаржаргал машин худалдан авахад зарцуулагддаг олон тэрбум төгрөг Монголдоо үлдэж буй нь эдийн засгийн хувьд маш үр өгөөжтэй гэдгийг онцолж байлаа.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө