Н.Төгсцогт, Гарри Рассель нарын тулаан болоход зургаан хоног үлдлээ

Н.Төгсцогт, Гарри Рассель нарын тулаан болоход зургаан хоног үлдлээ

Энэ сарын 8-нд мэргэжлийн боксын “IBO” холбооны дэлхийн аварга, “Лондон 2012” олимпийн болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт АНУ-ын тамирчин Гари Рассельтай тулалдах тов гарчээ.

Тулаан АНУ-ын Пеннсилваниа мужийн Аллентоун хотын PPL спортын ордонд зохион байгуулагдана.

АНУ-ын тамирчин Гарри Рассель, Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт буюу  /King Tug/-той тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан бөгөөд Мексикийн Канкунд болсон Бүх дэлхийн боксын зөвлөлийн  (WBC) 57 дахь конгрессоор заавал тулалдахыг үүрэг болгосноор тулалдах гэрээ 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд  хүчин төгөлдөр болжээ.

Гари Рассель нь 31 настай, 164 см өндөр,  2009 оноос мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд нэг удаа ялагдаж,  17-г нь хүнд цохилтоор ялсан, дэлхийн аваргын бүсийг гурван удаа хамгаалсан чадварлаг тамирчин аж.

“Premier Boxing Championship” продакшны зохион байгуулж буй Америкийн үндэсний “Showtime” телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өнгөрсөн долоо хоногоос 30-200 ам.долларын ханштайгаар худалдаалагдаж эхэлжээ. Энэхүү халз тулааныг дэлхийн мэргэжлийн боксын спорт сонирхогчид нэлээд удаан хугацаанд тэсэн ядан хүлээж байсан юм.