УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Тодруулбал, гишүүдийн гарын үсгийг цуглуулж, энэ долоо хоногтоо багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллэв.

57-оос дээш гишүүн хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурж байж УИХ-д өргөн барих боломж бүрдэх юм байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ гишүүдийн дөрөвний гурваар буюу 57-оос дээш гишүүнтэйгээр хэлэлцэх хуультай.

Түүнчлэн ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх хуулийн зохицуулалттай учраас энэ хаврын чуулганд өргөн барьж арванхоёрдугаар сараас өмнө хэлэлцэн батлах ёстой юм.

Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн 32-ын бүлэг буюу М.Энхболдын талынхан энэ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэж үзэх болжээ. Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн долоон гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.