Коронавирусийн талаар урьдчилан сэрэмжлүүлж байсан эмчийг БНХАУ сүрдүүлж байжээ

2020-02-07 09:59

Коронавирусийн тухай мэдээллийг анх задруулсан эмч нас баржээ

Шинэ төрлийн коронавирус тарсан тухай анх олон нийтэд зарлаж, анхааруулж байсан нүдний эмч Ли Вэнлянь өөрөө уг вирусийн халдвараар нас барсан тухай өнгөрсөн шөнө Ухань хотын төв эмнэлэг мэдээлжээ. 34 настай Ли эмч шөнийн 2:58 цагт амьсгал хураасан байна.

“Гамшгийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан мэргэжилтэн нас барсанд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгджээ. Хятадын сошиал орчинд иргэд эмгэнэл илэрхийлж, мэдээлэл задруулсан Ли Вэнляньд хатуу хандаж байсан эрх баригчдаас уучлал гуйхыг шаардсан байна. Эрх баригчид эмч халдвар авсныг нууж, гадагш мэдээлэхгүй байгаа тухай тэр нэгдүгээр сарын 31-нд Вэйбо сошиал сүлжээнд нийтэлсэн байна.

“Миний шинжилгээний хариу халдваргүй гэж гарсан ч амьсгалахад хүнд, арай ядан явж байна. Аав, ээж хоёр маань ч эмнэлэгт хэвтлээ” гэж тэр бичиж байжээ.

Эцэст нь өнгөрсөн Бямба гарагт Ли Вэнлянийг коронавирусийн халдвартай гэж албан ёсоор оношилжээ. Халдвар авсныг нь хүлээн зөвшөөрснөөс хойш хэдхэн хоногийн дараа тэр нас барлаа. Ухань хотод тарсан шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 29274 хүн өвчилж, 638 хүн нас бараад байна.

                                                                   Эх сурвалж:South China Morning Post

2020-02-04 16:05

Коронавирусийн талаар урьдчилан сэрэмжлүүлж байсан эмчийг БНХАУ сүрдүүлж байжээ

Ли Вэнлян хэмээх хятад эмч WeChat ашиглан анагаахын сургуулийн төгсөгчдийн бүлэгт нэгэн ноцтой мэдээлэл өмнө нь оруулжээ.  Тэрээр "орон нутгийн далайн хоол зардаг зах дээрээс долоон өвчтөн ирсэн бөгөөд шинжилгээгээр коронавирус буюу амьсгалын замын хүнд хэлбэрийн цочмог хам шинж (SARS) илэрсэн" гэдгийг тайлбарлаж байжээ. 

"Би зөвхөн их сургуулийн ангийнхаа хүүхдүүдэд болгоомжтой байхыг сануулахыг хүссэн юм" гэж тэр хэлжээ.

Тиймээс 34 настай эмч Ли найз нартаа болон хайртай хүмүүстээ хувийн байдлаар сэрэмжлүүлэг өгөхийг хүсжээ. Гэвч Ли эмч тухайн үед шинэ нууцлаг өвчин нь үхлийн аюултай новел коронавирус гэдгийг мэдээгүй байж. Түүний ойр дотныхондоо сэрэмжлүүлж хүргэсэн мэдээллийн зураг удалгүй Ли эмчийн нэрийг дараагүй байдлаар цахим орчинд тарсан байна.

Ингээд дөрөв хоногийн дараа түүн дээр БНХАУ-ын олон нийтийн аюулгүй байдлын хорооны ажилтнууд ирж худал мэдээлэл тараасан болон олон нийтийг хий айлгасан гэх хоёр бичиг дээр гарын үсэг зуруулжээ.

Тэрбээр дэгдэлтийн эхэн үед үхлийн аюултай вирусын талаар шүгэл үлээхийг оролдсоныхоо төлөө цагдаагийн байгууллагад дуудагдсан хэд хэдэн эмчийн нэг байжээ. Коронавирус нь одоогоор дэлхийн хэмжээнд эрчимтэй тарж, 426 хүний амь нас хохирч, 20000 гаруй хүн өвчлөөд байна.

Мөн Ли эмч нэгдүгээр сарын 10-нд коронавирусын халдвартай өвчтөнийг санаандгүй эмчилсний дараа ханиалгаж, маргааш нь халуурч эхэлжээ. Ингээд нэгдүгээр сарын 12-нд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал маш муу байсан тул эрчимт эмчилгээний тасагт түүнийг хэвтүүлсэн байна.

Үүнээс харахад БНХАУ-ын эрх баригчид анхнаасаа уг ноцтой өвчний дэгдэлтийг мэдэж байсан ба үнэнийг хэлсэн эмч нарыг намжааж байжээ. Мөн нэгдүгээр сарын 1-ний өдөр Ухань хотын цагдаа нар уушгины хатгалгаа хэмээх өвчний талаар хэт дэвэргэн интернетэд нийтэлж, түгээсэн болон нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн найман хүнд эсрэг "хууль эрх зүйн арга хэмжээ авлаа" гэж мэдэгдэж байсан байна.

Ли Вэнлян хэмээх хятад эмчЭх сурвалж: CNN