ЭМЯ: Цагаан сараар үнсэж золгох, хамрын тамхи хэрэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ

ЭМЯ: Цагаан сараар үнсэж золгох, хамрын тамхи хэрэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Өнөөдөр коронавирусын нөхцөл байдлын талаар ЭМЯ болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Вирусээр өвчлөгчдийн тоо өглөөний байдлаар 24483, нас барсан тохиолдол 491-т хүрээд байна.

Халдвар нэг сартайгаас 99 нас хүртэл бүх насанд бүртгэгдсэн. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдсэн бол өвчлөлийн тоогоороо эрэгтэйчүүд давамгайлж байгаа юм байна. БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо нэг байна. Сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд: 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажилласаар байгаа. Мөн тодорхой давтамжтай хяналт, шалгалтыг явуулж байгаа.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, хариуцлага алдсан нэг аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан.

Мөн хүнсний аюулгүй хангахад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1,166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан.  

УОК-оос Цагаан сарын баярыг цомхон тэмдэглэх шийдвэр гаргасан. Цагаан сараар үнсэж золгох, хамрын тамхи хэрэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учраас дээрх шийдвэрийг дагаж мөрдөхийг ард иргэддээ уриаллаа.