Сингапурын  банкны ажилтнаас Коронавирусийн халдвар илэрчээ

Сингапурын банкны ажилтнаас Коронавирусийн халдвар илэрчээ

Сингапурын хамгийн том банк болох DBS-ээс коронавирус /Covid-19/ халдвартай нэг ажилтан илэрч 300 орчим ажилчдыг нүүлгэн шилжүүлжээ. Энэхүү 300 ажилтан нь халдвар авсан ажилтантай хамт нэг дор буюу 43-р давхарт ажиллаж байсан хүмүүс аж.

Мягмар гаригт тус ажилтныг шинжилгээнд хамруулж, халдвар авсан болохыг нь Лхагва гаригт баталгаажуулжээ. Одоогоор лифт, бие засах газар зэрэг барилгын нийтлэг талбайнуудыг гүн цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийж байна. Нүүлгэн шилжүүлсэн ажилчдад термометр, амны хаалт, гар ариутгагч бүхий хамгаалалтын хэрэгсэл өгч, шаардлагатй үед шуурхай ажилллах эмнэлгийн тусламжийн утас бэлэн болсон гэж банкнаас мэдээллээ.

DBS банкнаас мэдээлэхдээ “энэ хүнд хэцүү цаг үед халдвар авсан ажилтан болон түүний гэр бүлийнхэнд дэмжлэг, удирдамжийг байнга өгч ажиллах болно” гэжээ. Сингапур улсад одоогоор Covid-19 халдварын 47 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт эрсдэлийн байдлаараа “улбар шар” буюу өндөр эрсдэлтэй орны тоонд багтсан юм.

Эх сурвалж: BBC