Т.Баярхүү: Ч.Сайханбилэгийг Монгол улсын хилээр орж ирсэн даруйд баривчилна

Т.Баярхүү: Ч.Сайханбилэгийг Монгол улсын хилээр орж ирсэн даруйд баривчилна

Чимэдийн Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд, хэдэн хууль бус шийдвэрүүд гаргасан хэрэгт холбогдоод буй. Түүнийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас эрэн сурвалжлаад байршлыг нь тогтоогоод байгаа юм. 

 Хуулийн байгууллагаас тухайн байгаа улсад нь хандаж баривчлах санал хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин Ч.Сайханбилэг өөрөө хүсэлт гаргаж 2019 оны 12-р сарын 21-ний өдөр Монголд ирнэ хэмээн амалсан ч өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа юм. 

Тиймээс түүнийг интерполоор эрэн сурвалжилж, дахин байгаа байршлыг нь тогтоолгохоор ажиллаж байна.Гэтэл тэрээр АНУ-аас иргэншил хүссэн гэсэн мэдээллийг ЕТГ-ын дарга З.Энхболд өчигдөр мэдээлсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг фэйсбүүк хуудсандаа үүнийг үгүйсгэж тайлбар хийсэн билээ.

Энэ талаар Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлэхдээ “Дээрх бичсэн хэргүүдэд холбогдуулан Ч.Сайханбилэгийг Монгол Улсын хилээр орж ирэнгүүт нь цагдан хорих шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Бидэнд байгаа мэдээллээр Ч.Сайханбилэг АНУ-д хуулийн фирм хөлслөөд Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд улс төрийн зорилгоор намайг мөрдөн мөшгөж байна гэсэн гомдлыг гаргасан. Үүнээс болоод манай улсын интерполын улаан буланд байршуулах зар хойшлогдоод байна. Тиймээс манайхаас Интерполд албан бичиг хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.