2011 оноос хойш нас барсан иргэдийн 1072 ширхэг хувьцааг үр, хүүхэд нь өвлөх боломжтой

2011 оноос хойш нас барсан иргэдийн 1072 ширхэг хувьцааг үр, хүүхэд нь өвлөх боломжтой

Өмнөговь аймаг дахь нүүрсний Тавантолгой ордын олборлолтын менежментийг явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК сонгуулийн өмнө буюу энэ оны тавдугаар сард 1072 хувьцаа эзэмшигчдэдээ 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараахаа мэдэгдсэн.

-ИРГЭД ХУВЬЦААНЫ ДАНСАА НЭЭЛГЭХ ЁСТОЙ-

Мөнгөө авахын тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшдэг иргэн бүр хувьцааны данстай байх шаардлагатай аж. Одоогийн байдлаар 600 мянга гаруй иргэн дансаа нээлгээгүй байна.

Данс нээлгэсэн эсэхээ мэдэхийн тулд иргэд гар утсандаа апплекейшин татаж аваад мэдээллээ харах боломжтой аж. Хэрвээ таны мэдээлэл бүртгэгдсэн бол хувьцаагаа нээлгэсэн гэсэн үг бөгөөд данс руу тань мөнгө орох боломжтой юм. Нээлгээгүй бол брокер, диллерийн компанид хандаж нээлгэх ёстой юм байна. Зарим компани онлайнаар нээж буй бөгөөд нэмэлт мэдээллийг 18001072 мэдээллийн лавлахаас авах боломжтой. Мөн иргэдэд гар утсаар мэдээлэл өгнө Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдэгдэж байна.

-НАС БАРСАН ИРГЭДИЙН 1072 ХУВЬЦААГ СЭРГЭЭЖ БОЛНО-

1072 хувьцаатай иргэн 96480 төгрөг авах бол 750 ширхэг хувьцаатай иргэн 67500 төгрөг авна. Өөрөөр хэлбэл өөрт байгаа хувьцааныхаа тоог 90 төгрөгөөр үржүүлэхэд тухайн иргэний ногдол ашгийн хэмжээ гарч ирэх юм.Хувьцаагаа төрд зарсан, сургалтын төлбөр бусад зүйлд зарцуулсан иргэд цөөнгүй бий. Гэхдээ нийт хувьцаа эзэмшигч иргэдийн 90 хувь орчим нь 741-ээс дээш тооны хувьцаатай. Тэгэхээр иргэдийн гар дээр боломжийн хэмжээний ногдол ашиг очно гэж Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал Б.Ганхуяг өчигдөр мэдэгдсэн билээ.

Тэрбээр мөн “Нас барсан хүний бичиг баримт байдаг. Ар гэрийнх нь бичиг баримтыг нь бүрдүүлээд мэдээллээ шалгуулах бүрэн боломжтой. Хувьцаа нь хадгалаастай байгаа. Төр ямар нэгэн байдлаар худалдаж аваагүй л бол байгаа. Хасалт хийгээгүй. Тиймээс тодорхой бичиг баримтыг нь бүрдүүлээд сэргээх боломжтой” гэж хэлсэн нь олны анхаарлыг татаад байна.

Өөрөөр хэлбэл, талийгаач аав, ээжийнхээ 1072 ширхэг хувьцааг нь сэргээж өвлөн авах боломжтой юм.

-Э.БААТАРЦОГТ: ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД НЬ ӨВЛӨХ БОЛОМЖТОЙ-

Бид энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.

  • Нас барсан иргэний 1072 ширхэг хувьцааг үр, хүүхэд нь өвлөх боломжтой гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
  • Өв залгамжлах эрхийн тухай хуулийн дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн газарт бичиг баримтыг нь бүртгүүлээд л 1072 ширхэг хувьцааг нь өвлөөд авах боломжтой.
  • Уучлаарай уг шийдвэрт хэдэн оноос хойш нас барсан хүмүүс хамаарах юм бол?
  • 2011 оноос хойш нас барсан иргэдэд хувьцааг нь сэргээн олгоно.
  • 2011 оноос хойш нас барсан хүмүүсийн хэдэн ширхэг хувьцаа байдаг юм бол. Та бүхэн энэ талаар судалгаа хийж үзсэн үү?
  • Энэ тухай мэдээллийг бид Иргэний бүртгэл, мэдээллийн төвөөс авсан. Манай компанийн зүгээс энэ мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй юм байна лээ. Хуулийн дагуу бидэнд тийм эрх байхгүй.
  • Яг ямар бичиг баримтуудыг бүрдүүлэх вэ?
  • Харилцагч нь нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн гүйлгээ хийнэ.
  • Зөвхөн үр хүүхэд нь л өвлөж авах уу?
  • Хуулиар олгогдсон эрэмбийнхээ дагуу гэр бүл, үр хүүхэд нь /үрчилж авсан/ зэрэг авна.