Иргэн Б: Ээж маань намайг "Чи бол чөтгөр шулам" гээд эхэлсэн

Иргэн Б: Ээж маань намайг "Чи бол чөтгөр шулам" гээд эхэлсэн

“Гэртээ тогтохгүй, сүмийнхээ төлөө үхэхээс ч буцахгүй болчихдог юм байна лээ...”

“Гэр бүлийнхнээс чинь хэн нэгэн чамайг эсэргүүцэж байвал тэд чөтгөрт хорлогдсон байна...”

“Сүмдээ орлогынхоо арван хувийг өг гэдэг...” энэ мэт үгсийг “Шинэ тэнгэр газар” сүмд явдаг хүмүүс болон тэдний ар гэрийнхнээс нь олонтаа сонслоо.

“ШИНЧОНЖИ” БУЮУ “ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ УРСГАЛ ЯАГААД
“ГАЖ” ГЭЖ НЭРЛЭГДДЭГ ВЭ?

Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг “Шинчонжи” шашны сүмийн үйл ажиллагаатай холбоотой гэж БНСУ-ын Засгийн газар үзэж буй. “Шинчонжи” гэдэг нь “Шинэ, тэнгэр, газар” гэсэн утгатай бөгөөд тухайн хүнийг номлол сургаалдаа итгүүлэн гэр бүлээс нь хөндийрүүлж, зөвхөн шашиндаа үнэнч байхыг ятган сэнхрүүлдэг шашны урсгал юм. Тэд шашныхаа төлөө худлаа хэлэх, хулгай хийхийг нүгэл гэж үздэггүй, хэрэв гэр бүлийнхнээс чинь хэн нэгэн нь чамайг эсэргүүцвэл түүний сүнсийг “Сатан хорлосон байна” гэж хэлэн “хүний тархийг угааж” орхидог аж. Энэхүү шашны урсгалд автсан хүн өөрийн гэсэн ухаангүй болж, ажил, амьдрал, гэр бүлээ хаян сүмдээ очиход бэлэн байдаг. Иймээс Өмнөд Солонгос улсад тус шашны урсгалыг "гаж" гэж үзэн үйл ажиллагааг нь хязгаарласаар иржээ.

-“ШИНЧОНЖИ” МОНГОЛД НЭВТЭРЧ “УРХИА” ТАВЬСАН НЬ-

БНСУ-д олон хүний дургүйцэл, эгдүүцлийг хүргэж буй “гаж” гэж нэрлэгдсэн энэ шашны урсгал Монголд аль хэдийн нэвтэрч “мөчир, салаагаа ургуулаад” амжжээ. Та урьд өмнө нь “Гадаад хэлний үнэгүй сургалтад суулгаж өгье”, “Иог, фитнесийн хичээлд үнэ төлбөргүй явуулж өгье”, “Хөгжмийн үнэгүй сургалт” гэх мэт “үнэгүй” нэрээр, учир битүүлэг зүйл ярьсан хэн нэгэнтэй таарч байв уу. Учир нь энэ бол тус шашны урсгалын гишүүн элсүүлэх түгээмэл “урхи”нь юм. Бидэнтэй холбогдсон хэд хэдэн эх сурвалж үүнийг нотолж байлаа. Тэдний хэлж буйгаар "үнэгүй хэлний сургалтад хамруулна" гэж анкет бөглүүлэн хувийн мэдээллийг авч, сүмдээ элсүүлдэг юм байна.

-ИРГЭН Г: СҮМЭЭСЭЭ ГАРАХ ГЭТЭЛ АРААС БАЙНГА МЕССЕЖ БИЧИЖ,
ЗАЛГАН АЖИЛ ДЭЭР ХҮРТЭЛ ИРЭХ БОЛСОН-

-Анх Шинэ тэнгэр газрын сүмд хэрхэн элсэж байв?

-Анх фейсбүүкээр Солонгос хэл заана, Солонгос руу сургуульд тэтгэлгээр явуулна гэсэн зарын дагуу холбогдож уулзсан. Очтол манайх шашны сургууль, зургаагаас найман сар манай сургуульд явбал үнэмлэх гаргаж өгнө гэсэн. Хэрэв үнэмлэх авбал виз асуудалгүй гардаг гэж хэлсэн. Цуглаан нь Гэмтлийн эмнэлгийн тэнд “Floor” гээд газарт явагддаг байсан юм. Бараг 1000 гаруй хүн явдаг. Сүмд явж эхлэхэд гэрийхэнтэйгээ харилцах сонирхолгүй болчихдог юм байна лээ. "Хөрс" гээд зургаан удаагийн танилцуулга хичээл ордог. Би тэр хичээлд нь суусан юм. Тэгээд буруу урсгалтай гэдгийг нь олж мэдээд гарсан.

-Буруу урсгалтай сүм гэдгийг яаж мэдсэн бэ?

-Ээж маань Үндэсний телевизээр гарсан нэвтрүүлгийг үзээд надад хэлсэн юм. Тэгээд л мэдсэн дээ. Зааж байгаа зүйлс нь ч буруу юм шиг санагдсан. "Гэр бүлийнхнээс чинь хэн нэгэн чамайг сүмд явуулахгүй гэж байвал Сатаны хорлолд орсон байна. Хүлээн зөвшөөрөхгүй хүн бүр Сатан, эсвэл сүнсний хорлол болсон. Чамайг бурхантай уулзуулахад саад болж байна" гэдэг. Сүнсэн биеэ хоолловол 500 наслах боломжтой. Цуглаандаа ир гэдэг. Би дараа нь ажилтай сүмд явж чадахгүй боллоо гэхэд байнга залган, мессеж бичдэг болсон. Сүүлдээ ажил дээр хүртэл ирж сүмдээ яв гэдэг болсон.

-ИРГЭН Б: ГЭРИЙНХЭН МААНЬ ӨӨР ШАШИНТАЙ ГЭТЭЛ ТЭД НАРЫН СҮНС
ХОРЛОГДСОН БАЙНА, ЧИ ГЭРЭЭСЭЭ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД ЭХЭЛСЭН-

“Найз маань өнгөрсөн жил үнэгүй Англи хэлний хичээлд явъя гэхэд нь сонирхоод хамт очсон юм. Тэгээд шашны сургууль гэдгийг нь мэдсэн. Эхлээд танилцуулга хичээл гээд орсон. Маш сайхан ааштай, эелдэг хүмүүс байсан учир тав зургаан удаа очсон юм. Гэтэл гэр бүлийнхнийгээ элсүүл гэсэн. Гэрийнхэн маань өөр шашинтай гэтэл тэд нарын сүнс хорлогдсон байна, чи гэрээсээ явах хэрэгтэй гээд эхэлсэн. Тэгээд л  шууд очихоо больчихсон. Найз маань ч бас явахаа больсон” гэсэн юм.

-“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” СҮМД ЯВЖ ЭХЭЛСЭН ХҮМҮҮС ГЭР БҮЛИЙНХНИЙХЭЭ
ДУНД “ТАНИХГҮЙ НЭГЭН” БОЛЖ ӨӨРЧЛӨГДДӨГ-

Христийн гаж урсгалыг энгийнээр хоёр янзаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт, библийг өөрсдийнхөө хүсэл сонирхлын дагуу мушгин гуйвуулж, өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд буруугаар тайлбарладаг. Хоёрдугаарт, гэр бүл, нийгмийн харилцаанд сөрөг үр дагаврыг авч ирдэг. Бид гэр бүл, ойр дотнынх нь хэн нэгэн тус сүмд явж эхэлснээр зан ааш нь өөрчлөгдөн хувирч, гэрээсээ хүртэл явсан хэд хэдэн эх сурвалжаас мэдээлэл авлаа.

-ИРГЭН М: ЭМЭЭ СҮМДЭЭ ОЧИХГҮЙ БОЛ АМЬДАРЧ
ЧАДАХГҮЙ ЮМ ШИГ Л УЛАЙРДАГ БОЛЧИХСОН-

“Эмээ маань “Шинэ тэнгэр газар” шашны сүмд яваад хоёр жил болж байна. Би тэр сүмд нь очиж байсан л даа. Гэхдээ эмээ сүм дээрээ байж байгаад гэртээ ирэхдээ шал өөр хүн болчихдог. Идэвхгүй, юм ярихгүй, сүмээ л гэдэг болчихсон. Сая Солонгост тэр шашинтай холбоотой өвчин дэгдсэн, Солонгосчууд гаж буруу урсгал гэдгийг хүлээн зөвшөөрсөн тухай ярихад ерөөсөө тоохгүй байна лээ. Тэр сүмээс нь болоод гэрт байнга хэрүүл гарна. Сүмдээ явлаа гээд өглөө гараад орой л орж ирдэг. Эмээ сүмдээ очихгүй бол амьдарч чадахгүй юм шиг л улайрдаг болчихсон” гэв.

-ИРГЭН О: ОРЛОГОТОЙ ХҮМҮҮСЭЭС ХУРААМЖ АВЧ, ОРЛОГОГҮЙ ХҮМҮҮСИЙГ ӨДӨРЖИН ГАДУУР ЯВУУЛЖ ЭЛСЭГЧ ОЛЖ ИР ГЭДЭГ-

Манай хадам аав тэр сүмд явдаг юм. Гэмтлийн эмнэлгийн орчим байдаг гэсэн. Анх тэр сүмд аавыг, ах нь оруулсан юм байна лээ. Ах нь гэр бүлээрээ тэр сүмд явдаг. Одоо хөл хорио гээд сүмдээ явахгүй байгаа гэсэн. Гэхдээ орой болохоор утсан дээрээ хэл нь ойлгогдохгүй номлолоо тавьчихдаг, сүмийн шалгалттай гээд хичээл хийж байна гээд суучихдаг. Өглөөний 6 цаг, 22:00 цагт сэрүүлэг тавьчхаад харанхуй газар орж залбирдаг. Сүмдээ бас орлогынхоо арван хувийг тушаадаг гэж байсан. Гайгүй орлоготой хүмүүсээс хураамж авч, харин орлогогүй хүмүүсийг өдөржин гадуур явуулж элсэгч олж ир гэсэн талаар ярьж байсан. Анх элсүүлж байхдаа тухайн хүний насны онцлогт нь тохируулаад англи хэлний сургалт, иог, хөгжмийн сургалт үнэгүй зааж байна гээд дагуулж очдог юм байна лээ.

-ИРГЭН Г: ЭЭЖ МААНЬ НАМАЙГ “ЧИ БОЛ ЧӨТГӨР ШУЛАМ ГЭЭД ЭХЭЛСЭН.
ЭЭЖИЙН МИНЬ АМНААС ХЭЗЭЭ Ч ТИЙМ ҮЕ ГАРЧ БАЙГААГҮЙ-

“Ээж маань гурван жил “Шинэ тэнгэр газар” сүмд надад мэдэгдэлгүй явсан байсан. Би саяхан хүүхэд төрүүлсэн юм л даа. Гэтэл ээж маань надад ерөөсөө туслахгүй, өглөө гараад орой орж ирээд байсан. Би ээжээс юу хийгээд байгааг нь асуутал “Би сургуульд явж байгаа юм” гэсэн юм. Ээж маань анагаахын салбарт ажилладаг болохоор би мэргэжил дээшлүүлэх сургалт юм байна гэж ойлгосон. Гэтэл саяхан гэрээс “Шинэ тэнгэр газар” гэсэн маш их ном, хичээлүүд гарч ирсэн. Тэгээд ээжээсээ асуутал “Тэр сүмд явж байгаа” гэсэн. Мэдээж шашин шүтэх бол хүний эрх чөлөө шүү  дээ. Би ч нэг их сөргөөр хүлээж аваагүй юм. Гэтэл ээжийн маань зан ааш их өөрчлөгдөж эхэлсэн. Би ээждээ та яагаад дөнгөж төрсөн охиноо анхаарахгүй байгаа юм бэ гэтэл “Чи бол чөтгөр, шулам” гээд л эхэлсэн. Ээжийн маань амнаас хэзээ ч тийм үг гарч байгаагүй. Үүнээс болоод манай гэрт маш том хагарал болсон. Ээж охин хоёрын байх ёстой тэр бүх зүйлийг эвдсэн гэж хэлж болно.

-Ээж тань тэр сүмд анх яаж элссэн юм бэ?

-Ээжийг бага байхаас нь найзалсан сайн найз нь элсүүлсэн юм байна лээ. Тэр сүм нь нууцаар үйл ажиллагаа явуулаад хүмүүст үнэнээ хэлж болохгүй гэж заадаг болохоор ээж эхэндээ таагүй хүлээж авсан гэсэн. Гэтэл найз нь “Бид гарч ирэх цаг болоогүй байна” гээд л дахин дахин ятгаж, татаж чангаасаар байгаад сүмдээ бүр гүн оруулчихсан. Дараа нь ээж надад тусална гээд ажлаасаа чөлөө аваад гадуур хүнсээ цуглуулаад явж байхад нь сүмийн хүмүүс нь очоод “Та чөтгөр болох гэж байна. Сүмдээ ир, хичээлээ хий” гээд бариад авсан. Сүмээсээ гарна гэтэл хүн итгэмээргүй аймшигтай үгээр дарамталж эхэлсэн.

-Одоо сүмдээ явж байгаа юу?

-Ээждээ тэр шашны талаар Солонгос нэвтрүүлгийг үзүүлээд, эвээр тайлбарлахад арай гайгүй болж эхэлсэн. Одоо сүмдээ явахгүй хоёр сар орчим болж байгаа. Үүний дараа нь ээж рүү маань "сүмдээ ир, хичээлээ хий" гээд байнга залгаж, мессэж бичиж эхэлсэн. Би дугаарыг нь сольтол хаанаас юм бүү мэд олоод л залгаад байдаг. Аргаа бараад тэр дугаар руу нь залгатал “Та дугаар андуурсан байна” гээд тасалчидаг. Товчоор бол хүнийг гэр бүлээс нь тусгаарлаж орхидог. Ээж зүгээр л намайг хаячих, зөнгөөр нь орхичих гээд байсан. “Гэрийнхэндээ итгүүлэх гэж оролд. Үгүй бол шууд хая, Сатаны хорлол болсон байна” гэж хэлдэг гэсэн.

-“ХӨРС”-НӨӨС ҮР ЖИМС ДЭЛГЭРЭХ НЬ-

Бидэнтэй холбогдсон эх сурвалжуудын хэлж буйгаар “Шинэ тэнгэр газар” сүм олон газар үйл ажиллагаа явуулдаг нь харагдаж байлаа. Тус сүм ихэвчлэн хаяггүй, гаднаас нь хараад үл мэдэгдэх жижиг том гэлтгүй газруудад цуглаанаа хийдэг гэнэ. Мөн нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянгол дүүргийн есдүгээр хороонд орших “Монгол сувд” сүм,  “Бөмбөгөр” худалдааны төвийн ард “Хөрсний байр” гэж нэрлэгддэг газруудад томоохон цуглаанаа хийдэг гэлээ. Гэхдээ тухайн хүнийг шууд элсүүлдэггүй. “Хөрс” гэж нэрлэсэн танилцуулга сургалтад суулгасныхаа дараа тухайн хүнийг үнэхээр итгэж биширсэн гэж үзвэл “Үр жимс дэлгэрлээ” гэж үзэн дараагийн цуглаандаа оролцуулдаг гэж байлаа.

Мөн энэ сүмд олны танил хүмүүс хүртэл явдаг. Олны танил хүмүүс явдаг учир хүмүүс бүр амархан итгэж үнэмшдэг гэнэ. Нэгэнт итгэж, үнэмшсэн хүнийг гаргаж авах нь хэцүү. Гэр бүл, найз нөхөд ажил төрлөөсөө илүү сүмээ чухалчлан бүхнийг умартаж орхидог байна. Бидэнтэй холбогдсон иргэн Г “Ээжийн маань найз их боловсролтой, боломжийн ажилтай хүн байсан. Гэтэл сүмд элсээд сүнсний ажил хийнэ гээд ажлаасаа гарчихсан. Одоо хүмүүсээс би ямар ч хамаагүй ажил хийе, гэрийг чинь цэвэрлээд өгье гээд гуйгаад явдаг” гэсэн мэдээллийг өгсөн юм.

-МОНГОЛД ШАШНЫГ ЗОХИЦУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙДАГГҮЙ-

“Шинэ тэнгэр газар” сүмд гурван жил гаруй явсан иргэний охин болох Н ээжийгээ сүмээс нь гарган авч чаджээ. “Ээж маань гэртээ байхдаа тухгүй, хаашаа ч юм яараад, юм л бол сүм, сүм гээд байдаг болчихсон. Ээжид хэлэхэд намайг чөтгөр, шулам гэх мэтээр дуудаж, маргалддаг болсон. Тийм хүмүүсийн өөдөөс маргалдаж хориглох биш, эвээр хэлж, энэ шашны талаар сайн ойлгуулах хэрэгтэй юм байна лээ. Би урьд нь Мүүний шашны талаар сонсоод ийм юманд хэн итгэдэг байнаа гэж боддог байсан ч хамгийн ойр дотнын маань хүн ийм шашинд автаад өөрчлөгдөөд эхлэхээр үнэхээр балмагддаг юм байна лээ” гэсэн юм.

Монголд 70 гаруй шашны урсгал байдаг гэсэн судалгаа бий. Гуравхан сая хүн амтай манай улсад энэ тоо ахадсан мэт. Харамсалтай нь манай улсад үүнийг зохицуулсан эрх зүйн орчин байдаггүй. Шашин шүтэх, эс шүтэх нь хүний эрх. Гэвч буруу зүйлсэд хүмүүсийг уриалж, тархийг нь угаан мөнгө олдог  энэ мэт “гаж” гэж нэрлэгдсэн шашны урсгал хэдэн сая хүн амтай Өмнөд Солонгос улсад ямар балаг тарьж буйг бид харлаа. Харин манай улс шиг цөөн хүн амтай улсад дэлгэрвэл юу болох вэ?