Б.Энх-Амгалан: Түгжрэлийг бууруулах зорилготой “Тэнгэрийн зам” төслийг 800 сая долларын зээлээр барина

Б.Энх-Амгалан: Түгжрэлийг бууруулах зорилготой “Тэнгэрийн зам” төслийг 800 сая долларын зээлээр барина

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд тэрбээр “БНСУ болон Япон улсаас хүндэтгэх шалтгаантай иргэдээ татаж авах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, хагалгаанд орсон, өвчтэй, яаралтай ирэх шаардлагатай хүмүүсээ тусгай үүргийн онгоцоор авахаар бэлтгэж байна” гэлээ.

Мөн 2020 оны зам тээврийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан юм.

Тодруулбал, энэ онд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд хоёр төслийг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр гарчээ.

НЭГДҮГЭЭРТ,  “Тэнгэрийн зам” төслийн хүрээнд 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй гүүрэн байгууламжийг барихаар боллоо. Энэ авто зам баригдсанаар түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэж тооцож байна. Мөн нийтийн тээврийн шугамыг ашиглах боломжтой аж. Уг төсөл нь 800 сая ам.долларын өртөгтэй гэж тооцсон байна.

Уг тээврийн хэрэгслээр км тутамд 15 центын хураамж авч, зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ төлнө гэсэн тооцоотой байгаа аж.

Уг зам нь Сансарын аюулгүйн тойрог - Зүүн дөрвөн зам – Нарантууд – Дүжнингарав – Хан-Уул - Нарны гүүр - Баруун дөрвөн зам - Гэсэр сүм гэсэн маршрутаар явна.

Замын нэг онцлог нь Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө авахгүй. 25 жилийн хугацаатай концессоор хийгдэнэ.

ХОЁРДУГААРТ, “Дүүжин тээвэр”ийн төсөл. Дэлхийн олон оронд уг төсөл хэрэгжсэн байна. Тодруулбал, Нью-Иорк, Анкара, Бразил, Москва зэрэг олон оронд уг төсөл хэрэгжжээ.

Олоу улсын хөгжлийн ассоциаци болон Монгол улс хооронд уг төслийг барих зээлийн хэлэлцээр хэрэгжинэ. 40 жилийн хугацаатай жилийн хүү нэг хувь хүрэхгүй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийх аж. “Дүүжин тээвэр”- нь Баянхошуу, Ханын материал, 3,4 хорооллын эцэст хүртэл явах аж. Өдөрт 22 мянган зорчигт тээвэрлэнэ гэсэн ТЭЗҮ гарчээ. Нэг тойрог хийх хугацаа 16 минут байна.

Цамхагийн өндөр 22-110 метр, хоорондын зай 250-700 метр,  8-10 зорчигч  суух боломжтой аж. Буудал хооронд зай 1.6-6 км байх юм байна.

Тус хоёр төсөл нь хоёулаа агаарт байна гэдгийг Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан онцолсон юм.

Коронавирусын тархалт буурсаны дараа улс хоорондын нислэгүүдийг сэргээнэ гэж тэрбээр мөн хэлэв.